Эрүүл мэндээ бодож, түүхий нүүрснээс татгалзахыг уриалав
Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор байх ёстой хэмжээнээс хэт дахин илүү байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс Засгийн газраас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд хориглосон шийдвэрийн дагуу энэ жилээс гэр хорооллынхон анх удаа түүхий нүүрсгүй өвөлжих хүндхэн сорилттой нүүр тулаад буй. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс /НЭМҮТ/ иргэдэд хандаж, эрүүл мэндээ бодож, түүхий нүүрснээс татгалзахыг уриаллаа.
Гэр хорооллын иргэд түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлш, цахилгаан халаагуур зэргийг ашигласнаар өвлийн улиралд утаанаасаа салах боломжтой аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр иргэд эдийн засгийн боломж, бололцоонд тулгуурлан зуух биш цахилгаан халаагуурт шилжих, гэрийнхээ дулаан алдалтыг багасгаж чадвал түлш зарцуулалтыг 25 хувиар бууруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
ГЭРЭЭ ДУЛААЛЖ, МАШИН УНАХААС ТАТГАЛЗВАЛ УТАА БУУРНА
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан О.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Агаарын бохирдлын асуудал сүүлийн 20 жилийн хугацаанд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Галлагаа эхэлсэн үед агаарын чанарын стандартаас 30 дахин илүү бохирдолтой байдаг. Агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйлс нь гэр хорооллын түүхий нүүрсний утаа, автомашины яндангаас гарч буй утаа нь хүн амын эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлж байгаа юм. Утаанаас үүдсэн амьсгалын замын архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны эмгэгүүдэд нөлөөлж буйг судлаачид тогтоосон. Тиймээс иргэд түүхий нүүрснээс татгалзаж, тээврийн хэрэгслийнхээ сэлбэг хэрэгслийг сольж шинэчлэх, аль болох нийтийн тээврээр зорчих, гэрийнхээ дулаан алдалтыг бууруулах хэрэгтэй. Гэрээ сайтар дулаалснаар түлш зарцуулалтыг 25 хувиар хэмнэнэ. Энэ нь эрүүл мэндээ 25 хувиар хамгаална гэсэн үг.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НЬ ЦАЦРАГИЙН АГУУЛАМЖТАЙ
НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга П.ЭНХТУЯА:
-Бид түүхий нүүрсээ хэрэглэвэл утаандаа хордоно. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад богино хугацааны арга хэмжээ болох сайжруулсан түлш хэрэглэснээр утааг 50 хувь орчим бууруулна. Цаашид сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлш рүү шилжих хэрэгтэй. Сайжруулсан түлш нь түүхийн нүүрсэнд агуулагдаж буй хор нөлөөг 50 хувь багасгана. Энэ түлш нь бидний хэрэглэж ирсэн нүүрснээс чанарын агууламж сайн, утаа бага ялгаруулна. Харин мөнгөн ус агуулагдсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Тодорхой хэмжээгээр байгалийн түлш учраас бага хэмжээний цацрагийн агууламж байдаг. Энэ нь бидний эрүүл мэндийг хордуулах хэмжээнд хүрсэн, үгүйг судлаачид одоогоор нотлоогүй. Цаашид нарийвчлан судлах шаардлагатай. Түүнчлэн хуучин автомашины утаа агаарыг бохирдуулж байна. Иймд тээврийн хэрэгслийнхээ чанарыг сайжруулах хэрэгтэй. Хуучин автомашинаас ялгарч буй утаа хүний эрүүл мэндэд маш хортой гэлээ.
Орчны эрүүл мэндийн өдөр өнөөдөр /2019.09.26/ тохиож байгаа тул Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэл хийж, иргэдийг түүхий нүүрснээс татгалзаж, автомашиныхаа хэрэглээг бууруулахыг онцолсон нь энэ билээ.