“Дүнжингарав”-ын түрээслэгчид өлсгөлөн зарлана
“Дүнжингарав”-ын түрээсийг гэнэт 42 хувиар буюу 995 мянган төгрөг болгон нэмсэн тул түрээслэгчид нь есдүгээр сарын 18-нд тус худалдааны төвийн урд жагсаал зохион байгуулсан. Гэвч жагсаал үр дүнд хүрээгүй юм. Иймээс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаар зэхэж байгаа талаар түрээслэгчид мэдээлэл хийлээ.
Одоогоор есөн түрээслэгч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд тодорхой хугацаа товлолгүй ч ойрын хугацаанд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Өлсгөлөнд Баянгол дүүргийн зарим худалдаачид нэгдэх юм байна.
Мөн “Дүнжингарав” худалдааны төвийн эзэд гэх УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэн, сонгуулийн мөнгөө олохын тулд түрээсийн төлбөрийг гэнэт нэмсэн гэж үзэж байна" гэгээ түрээслэгчид илэрхийлсэн юм.
“Дүнжингарав” худалдааны төв нь 1200 гаруй түрээслэгчдтэй бөгөөд есдүгээр сарын 25-наас 450 мянган төгрөгийн түрээсийг 995 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.