2020 онд багш нарын дундаж цалин 1.5 сая болно
Сангийн яам Монгол Улсын 2020 оны төсвийг танилцуулж байна. 2020 оны төсвийн төсөлд:
- нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг
- нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 13.9 их наяд төгрөг,
- тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ний -5.1 хувь байхаар тооцоолжээ.
Түүнчлэн хар тамхитай тэмцэхэд 1.3 тэрбум төгрөгийг, УИХ, болон орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан байна.
Эдийн засаг, бизнес хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлэх аж. Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын -Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, ногоон байгууламжийн цогцолборуудыг ирэх онд барьж дуусгахаар төлөвлөжээ.
Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах урам зорилгийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэх аж. 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх юм байна.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, ирэх оноос тэтгэвэр авах боломж олгох. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах санхүүжилтийг нь төсвийн төсөлд тусгах бодлого баримталлаа гэдгийг Сангийн сайд тодотголоо.
Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ.
Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй эхэд зургаан жилийг нэмж тооцно.
Багш нарын дундаж цалин 1.5 сая болно.
Эрүүл шүд хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.
2020 оны олимпийн наадамд 20 тэрбум төгрөг, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг, Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг, УИХ-ын сонгуулийн зардалд 20 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг, Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг, Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.
Дарханы аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад 15 тэрбум, Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг, Улсын авто замын санд 55 тэрбум, Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум, Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум төгрөг тус тус зарцуулна.