Өнөөдрөөс эхлэн “Сайн карт” иргэдийн гар дээр очно
Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа.
“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн ЗДТГ-ын даргын шийдвэр гарч Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр хувиарлан өгч “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон.
Хотын захирагч С.Амарсайханд “Таван толгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа Хотын захирагч холбогдох албан тушаалтнуудтай өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд тээвэрлэлтийн компанийн өмнө тулгараад байсан сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтны асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хариуцан Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлэх, Түлш тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тендерт шалгарсан тээврийн компанийн удирдлагуудад үүрэг болгох, Дүүргүүдийн Засаг дарга, хороодын дарга нараар дамжуулан Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхүүдэд хүргэх ажлыг Т.Гантөмөр менежерээр удирдуулан хэрэгжүүлэх, иргэдийн зүгээс сайжруулсан түлш захиалгын цахим системийг яаралтай боловсронгуй болгож хэвшүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болголоо.
Дашрамд дурьдахад гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм. Иргэн та энэхүү картыг өнөөдрөөс эхлэн өөрийн харьяа хорооноос авч болох бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдсан авсан түлшээ “Сайн карт” дах 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс