Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авахаар хүсэлт гаргаснаар ирэх даваа гарагт болгож хойшлуулж тогтов. Үргэлжлүүлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хийв. Тэрбээр хуулийн төслийн талаар товч танилцуулж, “Тус хуулийн шинэчлэлийн талаар нийслэл, дүүргийн түвшинд хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр цөөнгүй санал ирсэн. Тус хуулийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж буй. Тиймээс Та бүхэн саналаа өгөх боломжтой” гэсэн юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хийлээ. Танилцуулгад дурдсанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан, зарим хуулиар зохицуулж болох заалтыг хасах санал гаргасан байна. Тухайлбал, газрын харилцаа, хот тохижилт, авто замын бүтээн байгуулалттай холбоотой заалтыг хасах санал гаргажээ. Учир нь эдгээр ажлыг заавал хуулиар зохицуулж, хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин шинээр нийслэл хотын дүрэм, нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй холбоотой заалтыг нэмэх санал гаргаж буй аж.
Танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэллээ. Төлөөлөгч Д.Баттулга “Хотын дүрэм чухал. Үүнийг хуульд тусгах боломжтой бол үүгээрээ явах нь зөв. Засаг дарга нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч. Гэвч өдгөө яамдуудад төсвийг хувааж, Засаг даргад эрх шилжүүлдэг. Тэгэхгүйгээр төсөв баталж, Засаг даргыг ерөнхийлөн захирагч болгох хэрэгтэй. Тэгэхээр Засаг дарга Засгийн газрын гишүүн байх уу гэдэг асуудал гарна. Үүнийг шийдчихвэл сайн. Мөн Засаг дарга нутаг дэвсгэртэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн ажлын цагийн хуваарийг зохицуулах үүрэгтэй. Энэ заалтыг хасуулж болохгүй. Бас нэг асуудал байгаа нь тусгай хамгаалалттай газрын асуудал. Яам бол дэглэм тогтоодог. Харин түүнийг захиран зарцуулах эрх хотод байх ёстой. Тиймээс уг заалтыг хасуулж болохгүй” гэсэн юм. Төлөөлөгч Ж.Алдаржавхлан “Нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн тоог тогтоох хэрэгтэй. 1.5 сая хүн амтай хот 45 төлөөлөгчтэй байхад дүүрэг мөн тооны төлөөлөгчтэй байдаг. Тиймээс тодорхой болгох хэрэгтэй. Боломж бий юу” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбын хэлж буйгаар аль нэг шатны хурлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байхгүй болгох, эсвэл төлөөлөгчдийн тоог цөөлөх асуудал яригдаж байгаа ажээ.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Гол зүйл заалтуудтай холбоотой төлөөлөгчдийн саналыг нэгтгэж, Ажлын хэсэгт хүргүүлнэ” гэсэн юм. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төлөөлөгчдийг саналаа өгөхийг анхаарууллаа.