Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй “Бармон” ххк-ийн төсөлтэй танилцлаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Чингэлтэй дүүргийн IX, X хорооны нутагт “Бармон” ХХК-ийн барьж буй “Шинэ дэнжийн мянга” орон сууцны хорооллын төсөлтэй танилцлаа.
Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцаа эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэлх жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Тэгвэл барилгын компаниуд өөрсдийн санаачлагаар түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэн 1-5 жилийн хугацаанд орон сууцаа түрээслээд өмчлөх, 2-8 жилийн хугацаатай компанийн хувь лизингээр худалдан авах боломжтой төсөл хэрэгжүүлж байна. Тэдний нэг нь өнөөдөр холбогдох албаныхны танилцсан “Шинэ дэнжийн мянга” орон сууцны хорооллын төсөл юм. Энэ оны IV улиралд ашиглалтад оруулах “Шинэ дэнжийн мянга” орон сууцны хороололд 234 өрх амьдарч болох юм. Тус компанийн удирдлага тав хүртэлх жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслүүлээд, өмчлүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн уг төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан барилгын төслийн явцтай танилцах үеэрээ “Бид ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцаар хангах бодлого баримталж байгаа. Засгийн газраас түрээсийн орон сууцаа өмчлөн авах боломжийг бүрдүүлж өгснөөр аж ахуйн нэгж, байгууллагууд орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь иргэдийн эрэлт, худалдан авах чадварт нийцсэн томоохон төсөл болж байгаа юм. Өнөөдөр бидний танилцаж буй “Бармон” компанийн орон сууцны барилгын төсөл бол шалгуурт нийцсэн том төсөл. Иргэдэд ам метр талбайг нь 1.5 сая төгрөгөөр худалдана. Цаашид энэ орчимд орчин үеийн стандартад нийцэхүйц орон сууцны хороолол барих юм” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Түрээслээд өмчлэх хэлбэр нь тус компанийн санхүүжилтээ босгож буй хэлбэр. Жишээлбэл, 40 ам метр талбайтай байрыг иргэд 60 сая төгрөгөөр худалдан авна. Гэхдээ иргэд ямар ч урьдчилгаа төлөхгүй бөгөөд гагцхүү сард нэг сая төгрөг төлөх чадамжтай байх ёстой. Ингээд таван жил буюу 60 сарын хугацаанд төлбөрөө төлж дуусгаад орон сууцны гэрчилгээгээ компаниасаа авна” гэв.
Түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр Улаанбаатар хотод 2019 оны хагасжилийн байдлаар орон сууцны зах зээл дээр 22 аж ахуйн нэгжийн 32 төслийн 3877 айлын орон сууцны төслийг 1-5 жилийн хугацаатай түрээслүүлээд өмчлүүлэх замаар борлуулж байгаагаас 2496 айлын орон сууцыг түрээслүүлж, 1381 айлын орон сууц түрээслэгдээгүй байна. Түрээслүүлээд өмчлүүлэх замаар борлуулж буй орон сууцны борлуулалтын явц 64 хувьтай байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ