Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нэгдүгээр сургуулийн нээлтэд оролцлоо
2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 241, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд 294 084 хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38 232 нь нэгдүгээр ангид элсэн орж буй.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаныхан Нэгдүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдэлж, зөв төлөвшилтэй, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх эрхэм үүргийг хариуцлагатай авч яваа багш, ажилтнуудад баярын мэнд дэвшүүлж, тус сургуулийн босгыг алхан орж буй 200 гаруй хүүхэд болон ирэх хавар сургуулиа төгсөх сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэж, тив, олон улсын хэмжээний олимпиадуудаас алтан, мөнгө, хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан Нэгдүгээр сургуулийн сурагчдад талархал илэрхийллээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ жил нийслэл хотод есөн сургууль, 15 цэцэрлэг, спорт заалны гурван барилгыг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх боломж бүрдээд байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ