Н.Анхбаяр: Lexus 570 худалдаж авах ажиллагаанд би оролцоогүй
Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр өөртэй нь холбоотой мэдээлэл цахим сүлжээнд гарсантай хол богдуулан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Гэхдээ тэрбээр мэдэгдлээ иргэний хувиар гаргасан гэдгээ тодотгосон байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
Иргэн Тэрбишийн Энхсайхан Н.Анхбаяр намайг ХБНГУ-ын хилээр их хэмжээний хар тамхи, эм, эмийн бэлдмэл нэвтрүүлэх гэж байгаад баригдан шалгагдаж буй Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр, Т.Мөнхбат, Э.Оргил нарыг томилсон, Т.Мөнхбатад Lexus 570 маркийн автомашин импортоор оруулж ирэх чиглэл өгсөн зэргээр ор үндэслэлгүйгээр удаа дараа гүтгэж, миний нэр төрд ноцтой халдаж байна.
Улс төрийн зорилготой түүний удаа дараагийн энэ гүтгэлгийг үүгээр эрс няцааж байна. Хилийн чанадад ажиллах дипломат болон консулын ажилтан, жолооч хэнийг ч би дур мэдэн, өөрийн үзэмжээр томилдоггүй, ийм эрх ч надад хууль тогтоомжоор олгогдоогүй. Тухайлбал, Элчин сайд нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий консулыг Засгийн газар, элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогчийг Гадаад харилцааны сайд, бусад дипломат болон консулын ажилтан, жолооч нарыг Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлж, эгүүлэн татдаг. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд томилгоог хэн хийх эрхтэй талаар маш тодорхой зохицуулсан. Түүнчлэн албан хаагчдын томилгооны асуудлыг тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг ийм байдлаар томилсон.
Т.Мөнхбат, Э.Оргил нар нь Гадаад харилцааны яаманд ажилладаггүй, тус яамнаас томилогдоогүй, цалин хөлс авдаггүй. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан-Үд дэх Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Т.Мөнхбат, Э.Оргил нарыг би танихгүй, уулзаж байгаагүй. Lexus 570 маркийн автомашиныг худалдан авах ажиллагааг би мэдээгүй, оролцоогүй, надад хамаагүй зүйл.
Хууль тогтоомж, бодит байдал ийм байтал улс төрийн зорилгоор намайг удаа дараа гүтгэж, миний нэр төрд халдаж байгаа үйлдлээ зогсоохыг иргэн Т.Энхсайханаас хатуу шаардахын зэрэгцээ намайг дахин гүтгэж, нэр төрд халдсан тохиолдолд түүний үйлдлийг зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээх болно гэдгийг мэдэгдэж байна.
Иргэн Н.Анхбаяр
2019-08-27