Ш.Батсуурь: Нэг картанд гурван тонн сайжруулсан түлшний эрх дагалдана

Нийтэлсэн: Админ 2019-08-27 11:54:28
 

 

Энэ онд түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглосонтой уялдуулан сайжруулсан түлшийг түгээх, борлуулах асуудал сөхөгдөж ирсэн. Гурван хашааны цаанаас шуудаатай нүүрсийг өдөр өдөртөө худалдан авч, гэрээ дулаацуулдаг айл өрх нийслэлд олон. Тиймээс сайжруулсан түлшийг хэрэгцээндээ тааруулан жижиглэнгээр худалдан авах боломж бий эсэх, мөн төлбөрийг хэрхэн хийх талаар “Тавантолгой түлш” компанийн борлуулалтын албаны мэргэжилтэн Ш.Батсууриас тодрууллаа.


-Иргэд сайжруулсан түлш худалдан авахдаа “сайн” карт ашиглана. Энэ карт хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсон уу. Яаж ашиглаж, худалдан авалт хийх вэ?

-Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” гэдэг смарт карт ашиглана. Одоогийн байдлаар карт хэвлэлтээс гарсан. Нэг картаар гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулж, тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” компанид хандаж эрхээ сэргээлгэх боломжтой. Гэхдээ дундаж хэрэглээтэй айлын хувьд гурван тонн гэдэг хангалттай хэмжээ. Хэрэглэгчдэд карт тарааснаар борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй.

-Автобусны болон усны карт ашиглахдаа иргэд картаа мөнгөөр цэнэглэдэг. Харин түлшний картыг мөнгөөр цэнэглүүлэх шаардлагатай юу?

-Карт тарааж байгаа нь зөвхөн хэрэглээг хянах зорилготой. Тиймээс картаа ашиглан хасалт хийлгэж, нүүрсээ авна. Хасалтаа хийлгээд мөнгөө бэлнээр эсвэл бусад аргаар төлөх боломжтой. Нэг тонн нүүрс 150000 төгрөг. Нэг шуудай нүүрс 3750 төгрөг байна. Үнийг энэ жил хатуу барина.

Нэг картанд гурван тонн сайжруулсан түлшний эрх дагалдана

Өмнө нь утаагүй зуухны төсөл хэрэгжиж, иргэдэд худалдаалах явцад дунд нь дамжлага орсон. Дараа нь уг зуух нийслэлд биш хөдөө орон нутагт олширсон. Ийм дамжлага үүсгэхгүй байх үүднээс картыг заавал ашиглах ёстой. Сайн нүүрсийг хэн нэгэн их хэмжээгээр худалдан авч нийслэлийн бүсээс гаргахаас сэргийлсэн хяналт тогтоож байгаа нь энэ юм. Тиймээс иргэн картгүй бол түлш худалдан авч чадахгүй гэсэн үг.

-Түлшний хомсдол үүсэх вий гэсэн айдас олон нийтийн дунд их байна. Хэрэв шахмал түлшний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй бол яах вэ?

-Хэрэглээг бүрэн хангаж чадна гэсэн тооцоолол гарсан. Нийслэлчүүдийн жилийн дундаж хэрэглээ 600 мянган тонн. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэг сая тонн сайжруулсан нүүрс боловсруулж чадна. Мөн “Таван толгой түлш” компани өнөөдрийн байдлаар нийслэлийн хоёр сар орчмын хэрэглээний нөөцийг бүрдүүлж, хангамжийн баазууддаа дүүргэсэн. Нийт дөрвөн бааз, 504 борлуулалтын цэгээр нүүрс худалдаална.

-Нүүрс борлуулагчидтай хэрхэн хамтран ажиллах вэ. Танай компаниас цалинжуулах уу эсвэл борлуулалтын хувиас ашиг хүртэх үү?

-Энэ талаар албан ёсны журам одоогоор гараагүй байна. Борлуулагч нарыг цалинжуулах эсвэл борлуулсан бүтээгдэхүүнээс хувь тооцон ашиг авах санаачлагуудын аль, аль нь яригдаж байна. Тиймээс борлуулагчидтай ярилцаж шийдвэрлэнэ.