Усны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн зургадугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсанаар хаягдал усан дахь бохирдлыг үе шаттай бууруулж улмаар байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах, усыг зүй зохистой дахин ашиглах, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх, усны зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг бууруулах ач холбогдолтой. Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөр ногдуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих эрхийг сав газрын захиргаанд олгохоор шинээр тусгасан нь хуулийн хэрэгжих үндсэн суурь нөхцөлийг бий болгосон байна.
Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа ба усны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахыг хуульчилж өгсөн юм.