Төрийн банк ТОП-5 банкны нэгээр 6 дахь удаагаа шалгарлаа
Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхимаас хамтран жил бүр Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2018 онд амжилт бүтээлээрээ манлайлсан ТОП-100 аж ахуйн нэгжид хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.
Тус арга хэмжээнд Төрийн банк ТОП-100 аж ахуйн нэгжээс 14 дүгээр байрт, банкны салбарын шилдэг 5 банкны нэгээр 6 дахь удаагаа шалгарлаа.
2018 онд Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж, ахуйн хэрэглээний зээлийн хүүгээ бууруулж харилцагчиддаа бага хүүтэй зээл олгож, банкны нөөц дата төвөө үндсэн дата төвөөс 200 километрын зайд байршуулан харилцагчдын мэдээллийн сангаа гал, усны эрсдэлээс хамгаалах нөхцөлийг арилжааны банкуудаас хамгийн түрүүн биелүүлсэн.
Мөн Төрийн банкны хувьд 2018 онд нийт активаа 27.9 хувиар өсгөн 2 их наяд 989.9 тэрбум, татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар өсгөн 2 их наяд 716.8 тэрбум төгрөгт хүргэж, нийт зээлийн багцаа 28.3 хувиар өсгөсөн амжилтаараа Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2018”-аас “Шилдэг Өсөлт” шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авсан.
Түүнчлэн, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган 2018 оны санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-аар хийлгүүлж, Олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж дүгнэсэн.
Төрийн банканд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй нийт харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа