Татвар төлөгчийн бүртгэлийн журмыг УБЕГ-тай хамтран боловсруулна
Хөрөнгө оруулагчдын “Нэг цэгийн үйлчилгээний төв” –өөр гадаадын иргэдэд үйчилгээ үзүүлдэг Үндэсний хөгжлийн газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд уулзалт хийлээ.
Уулзалтанд ТЕГ-ын дарга Б.Заяабал, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, УБЕГ-ын дарга Б.Баасандорж, Гадаадын иргэн харьяатын газрын Дэд дарга Д.Түвшинтөр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга н.Хүрэлбаатар болон бусад албаны хүмүүс оролцож хөрөнгө оруулагчдын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн сүүлийн гурван сарын ажлын үр дүн, явцтай танилцаж цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов.
Энэ үеэр ТЕГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхлэх “Татварын багц хууль”-ийн шинэчлэлийг дагалдан гарах “Татвар төлөгчийн бүртгэлийн журмын төсөл”-ийг танилцуулж, татвар төлөгчийн бүртгэл болон бусад бүртгэлийн дугаарыг нэгтгэх асуудлаар санал солилцов. Уулзалтанд оролцсон таван агентлаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэхдээ Улсын бүртгэлийн байгууллагын 12 оронтой тоо бүхий дугаарыг ашиглаж байхаар эхний байдлаар харилцан тохиролцов. Мөн “Татварын ерөнхий хууль”-ийн /шинэчилсэн найруулга/ 26.7-д “Татварын төлөгчийн бүртгэлийн журмыг татварын болон бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.” гэж заасны дагуу уг журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг хамтран байгуулахаар боллоо.