Ерөнхийлөгч Х.Баттулга М.Даваажаргалыг иргэншлээ солихыг зөвшөөрлөө
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, зөвшөөрсөн байна.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Зарлигийг Гадаадын иргэн, харъяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг аж.
Хакүхо М.Даваажаргал нь Японы эзэн хааны цомыг 42 удаа хүртэж, дээд зиндаанд 1000 гаруй, Их аварга буюу Ёкозүна цолтой 800 илүү давсан хосгүй амжилтын эзэн билээ.
Түүний иргэншлээ солих шийдвэрийнх нь талаар Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай ч Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй юм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Н.Цэвэгням, Б.Дашням болон Хавайн арлын бөхчүүд бүгд энэ замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн.