1000 сэтгүүлчийн орон сууц - Мянгуужингийн үлгэр болсон уу?
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон (одоо бол өөрийнх нь хэлснээр түдгэлзсэн ) Х.Мандахбаяр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаснаа хэрэгжүүлж эхэллээ гэсэн сүржин мэдээлэл өнгөрсөн оны 9 дүгээр сарын 27-нд бараг бүх хэвлэл мэдээллээр зэрэг цацагдаж байв. 1000 сэтгүүлчийг хямд хэрнээ чанартай орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчээ сонгохын тулд сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагууд руу байрны квот олгож буй тухай мэдэгдэл, гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам илгээсний нэг нь манай редакцид хаяглагджээ. Орон сууцны квот авах сэтгүүлчийн шалгуурыг хангасан учир захирлын зүгээс орон сууцны квот сонирхох уу гэсэн мэдээ сонсоод баярласнаа нуух юун. Харамсалтай нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч болоод МСНЭ-ийн хооронд байгуулах “1000 сэтгүүлчийг орон сууцаар хангах тухай” гурвалсан гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам зэрэгтэй танилцаад “шилний цаанаас чихэр долоолгодог” ерөнхийлөгчтэй болсноо ойлгосон юм.
Нэгэн зүйл. “1000 сэтгүүлчийг орон сууцаар хангах тухай” гурвалсан гэрээнд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага болоод орон сууцны квот авах сэтгүүлч нь МСНЭ-ийн гишүүн байх, татвараа заавал 3-5 жилээр төлсөн байх ёстой гэж заажээ. Үүгээр ч зогсохгүй тухайн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийнхээ квотоор авч буй байрны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний реклам сурталчилгааг байршуулахыг зөвшөөрөх ёстой гэж заажээ. Жишээлбэл, хамгийн бага талбайтай буюу 30 мкв нэг өрөө байр авахаар гэрээ байгуулсан бол дунджаар 3.5 сая төгрөгийн сурталчилгааг нэвтрүүлэх эрх МСНЭ-д олгох ёстой аж. Редакциас энэ журмыг зөвшөөрөх нь МСНЭ-д мөнгө төлж буйгаас ялгаагүй. Харин гэрээнд заагдсан реклам сурталчилгаа нь хаанахын ямар байгууллага компанийг, хэрхэн сурталчилах талаар бүрэн заагаагүй байсныг дурдах нь зүйтэй байх.
Нэгэн зүйл. Байрны квот олгох сэтгүүлчийн сонгон шалгаруулалтын журамд зааснаар тухайн сэтгүүлч нь редакцийнхаа үндсэн ажилтан, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн зүй ёсны шалгуурын араас өнөөх л МСНЭ-ийн гишүүн байх, татвараа төлсөн байх ёстой гэдгээ ахин сануулжээ.
Нэгэн зүйл. “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгч "Шинэ Гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа МСНЭ-ийг дэмжин ажиллаж буйгаа орон сууцны метр квадратын үнийг 50 гаруй хувиар хямдруулж буйгаа хамтран ажиллах гэрээгээ үзэглэсэн өдрөө онцолсон байдаг. “Манай Шинэ гүрэн бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2.300.000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1.099.000 төгрөгөөр нийлүүлнэ. Чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтанд орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана" гэж Б.Бадамрагчаа захирал хэлсэн ч “Шинэ гүрэн” цогцолборын борлуулалтын албатай очиж уулзахад тус цогцолборын нэг метр квадратын үнэ нь 1,150,000₮ (Урьдчилгаа 50% төлсөн тохиолдолд) ; МКВ-1,250,000₮ (Урьдчилгаа 40%); МКВ-1,350,000₮ (Урьдчилгаа 30%) буюу нэг метр квадратынх нь дээд үнэ 1 350 000 төгрөг байсан юм. Хотын захын хороололд, дахин төлөвлөлтийн байршилд баригдаж буй “Шинэ гүрэн” төслийн 1620 айлын цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй гэж Х.Мандахбаяр ерөнхийлөгч хэлсэн ч эхний ээлжийн 400 сэтгүүлч орох тус барилгын B блокын барилгын ажил эхлэх нь бүү хэл дахин төлөвлөлтөнд орсон газраа чөлөөлөх ажил дөнгөж дууссан, барилгынхаа суурийг ч цутгах газар шорооны ажил нь ч эхлээгүй байсныг 2019 оны нэгдүгээр сард борлуулалтын албатай нь очиж уулзахдаа мэдсэн юм. Одоо ч байдал сайжраагүй байгааг тэр хавиар явахдаа харж болохоор байгаа.
Сэтгүүлчдийнхээ төлөө хийсэн анхны, томоохон ажил гэж сүржигнэсэн 1000 сэтгүүлчийг орон сууцжуулах ажил нь гурвалсан гэрээнээсээ эхлээд зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудаасаа татвар нэрээр мөнгө “хураах”, МСНЭ-ийн нэрийг барин реклам сурталчилгаа цацах эрх нэртэй өөрийгөө сурталчилах далд санаа агуулсан, байхгүйн зовлонгоор нь тоглосон муухан найруулсан хор байсныг ил байгаа гуравхан жишээн дээр нь л тодорхой харагдаж буй биз ээ.