Ирэх сараас шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортолсон талаар өнөөдөр салбарын сайд мэдэгдсэн юм. Тэрбээр "Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна" гэсэн юм.
Харин шатахууны үнэ сарын дараа буурна гэсэн. Хэдэн төгрөгөөр буурах бол гэсэн асуултад АМГТГ-ын орлогч дарга н.Эрдэнэбаяр "2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна" гэлээ.