БСШУСЯ: Салбарын бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд уялдаатай, судалгаатай байхад анхаарч байна
“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2045” болон “Салбарт 2020-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах дэд ажлын хэсгийн хурал боллоо. Хурлыг БСШУС-ын яамны Төрийн нарийн бичиг дарга Б.Баярсайхан удирдаж, ажлын хэсгийн гишүүд санал бодлоо солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын хөгжлийн дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтийг боловсруулах удирдамжийн хүрээнд манай улсын салбар бүр дээрх баримт бичгүүдийг боловсруулж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ерөнхий ажлын хэсэгт долдугаар сарын 05-ны дотор гаргаж өгөхөөр ажиллаж байгаа юм.
БСШУС-ын салбарын дэд ажлын хэсгийн хувьд эдгээр баримт бичгийг боловсруулахдаа одоогийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, олон улсын жишиг хандлага, ижил төстэй орнуудын ийм төрлийн баримт бичгүүдийг харьцуулан судалж байгааг онцлов. Мөн одоо хийж буй Боловсролын салбарын мастер төлөвлөгөө, Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах ажлуудын хүрээнд хийгдсэн судалгаануудад суурилж, үндэслэлтэй, шинжлэх ухааны тооцоо судалгаатай, зөв төсөөлөлтэй боловсруулна гэж дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, яамны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат хэллээ.