Х.Мандахбаяр МСНЭ-ийг өөртөө өмчилчихөөд буурин дээр нь хаяад одов
Монголын сэтгүүлчдийн ууган байгууллага болох МСНЭ бол Төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг. Өмнөх Ерөнхийлөгч нь МСНЭ-ийг хоёр өрөө байртай болгож, хөрөнгө хогшлын хамтаар хүлээлгэж өгсөн нь хоёрхон жилийн өмнөх үйл явдал билээ. Гэтэл Х.Мандахбаяр өөрийнхөө намын шууд дэмжлэгтэйгээр МСНЭ-ийн ерөнхийлөгч болмогцоо “МСНЭ” ТББ-ыг өөрийнхөө нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Учир мэдэх зарим хүн улсын бүртгэлд өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн энэ үйлдэл хуулийн талаас үзвэл МСНЭ-ийн байр сав, хөрөнгө хогшлыг өөртөө өмчлөөд авчихсан хэрэг юм гэж тайлбарлаж байна. Бараг хагас зууны түүхтэй МСНЭ түүхэндээ олон дарга, ерөнхийлөгчийн нүүр үзсэн ч бүх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлж, хамгийг өмчилж авах гэсэн санаархал гарч байгаагүй гэж сэтгүүлчид халаглаж байна.
Х.Мандахбаяр өөрийгөө бараг л цус харвах гэж байна, эмнэлгийн орон дээр үхлүүт байна гэж сошиал орчинд мэдээлэл цацаж, хэвлэлийн хурал хийж байсан. Гэтэл гуравхан хоногийн дараа Турк, Африкийн оронд явж байгаагаа гайхуулан пост хийж, инээж хөхөрч байгаа зургуудаа дэлгэснийг хүмүүс харсан байх. За энэ ч яахав, өвчин нь илааршсан гэж бодож болох талтай. Гэтэл сэтгүүлчдийг цуглуулж хэвлэлийн бага хурал хийхдээ Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчид худалдагдсан гэж заналтайгаар мэдэгдэл хийсэн. Ажил мэргэжлийнхээ нэр хүндэд халдсан түүний энэ задарсан үйлдэлд олон сэтгүүлч дургүйцлээ илэрхийлсээр байна. Монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Айхтар ухааны үг шүү. МСНЭ гэх байгууллагын ерөнхийлөгч нь өөрөө улс төртэй хутгалдсан, шантааж хийдэг нэр хочтой байхад олон түмэнд муухай харагдах нь арга ч үгүй биз ээ.
Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаасаа түдгэлзэхээр болсон гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлээгүй. Харин гадаад орнуудаар МСНЭ-ийн нэрийг барьж баахан явахдаа инээдээ барьж чадаагүйг нь түүний фэйсбүүк дэх зурагнуудаас нь харж болно. Уг нь сошиал орчин бол хүний хувийн орон зай. Гэвч энд фэйсбүүкийн талаар олонтаа дурдсан нь Х.Мандахбаяр МСНЭ-ий ерөнхийлөгчөөс түдгэлзэж буйгаа ч, түр орлон гүйцэтгэгчид ажлаа шилжүүлж байгаагаа ч сошиалаар зарласан. Хамгийн сонин нь “Дүрмийн хүрээнд” ажлаа бусдад шилжүүлж буйгаа Х.Мандахбаяр зарласан ч МСНЭ-ийн дүрэмд Их хурлаасаа сонгогдсон ерөнхийлөгч албан тушаалаасаа түр түдгэлзэж болох, өөрийнхөө ажлыг өөр хэн нэгэн хүнд ацаглан үлдээж болно гэсэн нэг ч заалт алга. Аливаа ТББ-ын үйл ажиллагаа хууль, гишүүдийнх нь баталсан дүрмийн хүрээнд явдаг. Х.Мандахбаяр ганцаараа дүрмийн бус тоглолт хийгээд явж болно гэж хэн ч зөвшөөрөөгүй гэсэн үг.
Тэгэхээр түүний энэ хариуцлагагүй үйлдлүүд салбараа басамжилсан тоглоом юм биш үү. Сэтгүүлчид хэнээр удирдуулахаа МСНЭ-ийн дүрмийн дагуу Их хурлаа хийж сонгох эрхтэй байтал Х.Мандахбаяр зүгээр л угсаа заламжлуулах замаар өөрийнхөө хийсэн булхайг нуух гэж оролдож байх шиг. Өөрт хэрэгтэй өмч хөрөнгийг улсын бүртгэлээр дамжуулж өөрийн нэр дээрээ бүртгүүлчихээд одоо МСНЭ-ийг хар буурин дээр нь хаяад нүүж байгаа юмуу гэж сэтгүүлчид халаглаж байна. Ёстой л нөгөө бурхангүй газрын бумба галзуурна гэж энэ байх шүү.