Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өнөөдрөөс өргөтгөн шинээр барьж эхэллээ. Төслийн зорилго нь тус бүр нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий зам барих явдал юм.
Дөрвөн эгнээтэй болох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна.
Үлдсэн хоёр эгнээ замыг нэмж наймдугаар сараас барьж эхэлнэ. Ингэснээр энэ онд багтаан далан, суурийг, ирэх онд хучилтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад хүлээн авна. Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавина.
Одоогийн замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м. Өргөтгөл, шинэчлэл хийсний дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 м болох юм. Зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох аж.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар хариуцсан сайд болон бусад асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамтаар зам барилгын гүйцэтгэлийн ажлын эхлэлийг газар дээр нь шалгаж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр Улаанбаатар-Дархан,Улаанбаатар-Налайх чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлтэд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Хамгийн их ачаалалтай, осол аваар их гардаг, иргэдийн бухимдлыг төрүүлдэг замуудын өргөтгөл, шинэчлэлтийг товлосон хугацаанд нь дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хаахаар салбарын сайдын тушаал гарчээ.
Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.