Монголын соёлын өдрүүд гэрэл зураг, дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдээр үргэлжлэв
ОХУ-ын Санкт-Петербург хотод өнгөрөгч ням гарагт нээлтээ хийсэн Монголын соёлын өдрүүд амжилттай боллоо. Соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан 70 шахам уран бүтээлчид эх орноосоо мордсон билээ.
1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хоёр концерт, уран зургийн болон гэрэл зургийн гурван үзэсгэлэн, “Петербург: Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг нийт соёлын 8 арга хэмжээ багтав.
Алдарт “Каппела” театрт болсон хүндэтгэлийн концертод Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлжээ. Концертод ОХУ-ын Марииснкий театрын гоцлол дуучин, Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, гоцлол дуучин Ц.Түмэнжаргал нар оролцов.
Мөн Санкт-Петербург хотын Кировын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт хотын иргэдэд зориулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Уг тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын филармоны Морин хуурын чуулга, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдээс гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, эстрадын дуучин Б.Баярцэцэг нар оролцож, ая дуугаа өргөлөө.
Оросын үзэгчид мэргэжлийн, өндөр түвшний сайн тоглолт болсныг онцолж, зохион байгуулагч, уран бүтээлчдэд удаа дараа баяр хүргэж байлаа.
ОХУ дахь Монголын соёлын өдрүүд Петр хааны ордон музей Кунц камер, Петропавловскийн цайзад уран зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэнгүүдээр үргэлжилсэн юм.