Бүх цэргийн наадамд Завханы Отгон сумын Т.ДҮГЭРДОРЖ түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН боллоо

Нийтэлсэн: Админ 2019-06-09 22:46:54


Бүх цэргийн 28 дахь удаагийн наадам Монгол бөхийн өргөөнд ням гарагийн 12 цагаас эхэлж аймаг, цэрэг, сумын цолтой 256 хүчтэн зодоглов. Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу амжилттай сайн барилдсан бөхчүүдэд шинээр цол олгодог уламжлалтай энэ наадамд “Алдар” спорт хорооны бөх, цэргийн харцага Т.Дүгэрдорж найм даван түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цолонд хүрлээ. Завхан аймгийн Отгон сумын харьяат тэрбээр 2016 онд Дорноговь аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тав даван шөвгөрч АЙМГИЙН НАЧИН, өнгөрсөн жилийн Бүх цэргийн наадамд зургаа давж ЦЭРГИЙН ХАРЦАГА, улмаар Завхан аймгийнхаа наадамд зургаа давж ХАРЦАГА цолоо баталсан хүчтэн юм. Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном долоо даван үзүүрлэж цолондоо чимэг нэмлээ.


Тодруулж хэлэхэд, 1992 оноос эхлэн Бүх цэргийн наадмыг Монгол Улсын хүчний байгууллагуудын спорт хороо, харьяа анги салбарын улсын цолгүй бөхчүүдийн дунд жилд нэг удаа зохион явуулж аймгийн бөхийн цолтой дүйхүүц түвшний цэргийн бөхийн цол олгодог болсон. Өмнөх 27 удаагийн Бүх цэргийн наадмын түрүү бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба тэргүүтэй улсын алдар цолтой олон бөх төрөн гарсан. 1992 оны анхны наадамд 128 бөх зодоглоход Булган аймгийн Бугат сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, цэргийн заан С.Дэлгэрбат/хожмын улсын начин/ түрүүлж цэргийн арслан, мөн хорооны бөх Архангай аймгийн Хотонт сумын харьяат, залуу бөх Ч.Ганбаатар/хожмоо улсын наадамд гурван удаа дөрөв давсан/ үзүүрлэж цэргийн заан цол хүртэж байсан.

С.Сүлд