МАН Мандах хоёр Монголын сэтгүүлзүйг бужигнуулаад орхилоо
МСНЭ-ийн Их хурал 2018 оны хоёрдугаар сард болж Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга /асан/, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч /асан/, МАН-ын Бага хурлын гишүүн /асан/, НАМЗХ-ны “Алтан Од” медальт, "Зиндаа" сонин, "Бест Принтинг" ХХК, "Бест Компьютерс" ХХК, "Хийморь" сонин, "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл, "Зиндаа Сан" ХЗХ, Zindaa.mn сайт, "Үндэсний Мэдээ" өдөр тутмын сонин, BreakingNews.mn сайт, “Зиндаа” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаярыг ерөнхийлөгчөөр сонгож байлаа.
Тэр хурлын индэр дээрээс, маргааш нөгөөдөрхөн нь хэвлэлийн бага хурал хийдэг танхимаас “МСНЭ улс төрийн нам дагасан хүмүүсийн мэдэлд шилжлээ” гэсэн мэдээлэл түгсэн.
Шуудхан хэлэхэд, Х.Мандахбаярыг МСНЭ-ийн ерөнхийлөгч болоход МАН-ын генсек Д.Амарбаясгалан онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль, түүний үр дүнгээс улс төрийн сонгуулийн хэв маяг шууд харагдсан хэрэг л дээ. Хэн бүхэнд ойлгомжтой байв. Хэд хэдэн хэвлэл мэдээллийг байгууллагууд, ахмад сэтгүүлчид МСНЭ-ийн ээлжит хуралдааныг орхиж гарсан юм.
Маргааш /2018.2.9./ нь тэд хурлыг ямар үндэслэлээр орхиж гарах болсон талаараа мэдээлэл хийсэн. Сонин сэтгүүлийн төвийн дарга Д.Заяабат "Нэгдүгээрт хурлын төлөөлөгчийг хэрхэн сонгох талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Нэг төлөөлөгч хичнээн хүнийг төлөөлөх ёстой, ямар үе шаттайгаар сонгох ёстойг батлаагүй учраас цаанаасаа бэлтгэгдсэн хүмүүс энэ их хуралд орж ирсэн байсан.
Хоёрдугаарт төлөөлөгчөөр сонгогдох хүн нь ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад харъяалагддаг байх ёстой гэсэн заалт орж ирсэн нь татвараа төлөөд, МСНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог сэтгүүлч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнээс гадна зөвхөн татвараа төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Татвараар далимдуулж сэтгүүлчдийн оролцох эрхийг хааж болохгүй. Зарим сэтгүүлч нар татвараа төлж амжаагүйгээс болоод
Хуралд оролцогсодын 3/2 хувийн ирцтэйгээр шийдвэр гарах ёстой гэж заасан байгаа. Гэтэл 182 хүний ирцтэйгээр хуралдсан байгаа нь ирц хүрээгүй тул энэ хурал хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа” гэсэн бол Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион "Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан.
Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд 5 хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.
МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан" гэж байв.
Түүнээс хойш жил дөрвөн сар өнгөрчээ.
Харин МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр эх сурвалж нь тодорхойгүй мөнгөөр “Өглөөний сонин”, “ТВ8” телевизийг худалдан авч хөрөнгөө, эзэмшлээ нэмлээ.
Улмаар Хотын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нартай хувийн компаниар нь дамжуулан зарга үүсгээд байна.
Эдгээрийн ард эргэлзээтэй асуудал олон байгааг сэтгүүлчид байтугай улстөрчид ярьж байна.
Эцэст нь Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг өгөхөө мэдэгдэж байна.
Тийм л дээ, түүний зорилго бол 2020 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвших юм. Тэр МСНЭ-ээр дамжуулан сонгуулийн бэлтгэлээ хангасан байна.
Уг нь МСНЭ бол сэтгүүлчдийн хувьд нэр төртэй том айл байв. Түүхийг нь сөхвөл 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ. Монголын сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдав. 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болов. Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ. Монголын сэтгүүлчдийн байгууллага нь 1992 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоо (МСХ), Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулав. 2002.04.02-ны өдөр Монголын сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэж нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.
Монголын Сэтгүүлчдийн Холбооны даргаар 1951-1953 онд О.Пунцаг, 1953-1957 онд Ж.Зундуй, 1957-1962 онд Г.Дэлэг, 1962-1963 онд Г.Очирбат, 1963-1984 онд Ц.Намсрай, 1984-1990 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, доктор, профессор Л.Түдэв,1990-1993 онд Ц.Мөнхжаргал, Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчөөр 1993-1996 онд С.Цэрэндорж, 1996-2002 онд Ц.Бат-Орших, 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж МСНЭ байгуулагдахад анхны Ерөнхийлөгч С.Батмөнх, МСНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ц.Дашдондов болж байв.
2002-2006 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, 2006-2009 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 2009-2011 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Баасансүрэн, 2011-2018 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид ажилласан. Мундаг сэтгүүлч, соён гэгээрүүлэгчид шүү.
Харин 2018 оноос Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон байдаг.
Тэр одоо Монголын сэтгүүлзүйг орхих гэж байна. Гэвч тэрбээр Монголын сэтгүүлзүйд овоо олон хар өв үлдээлээ. Засч залруулах гэж нэлээд юм болох нь тодорхой. Юутай ч МАН Мандах хоёр сэтгүүл зүйг бужигнуулаад орхилоо.
А.Сонор