Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгоно

Нийтэлсэн: Админ 2019-05-29 15:29:21

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлэл хийлээ.


Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл хотод замбараагүй газар олгосон асуудалд анхаарлаа хандууллаа. Төлөвлөлтгүй асуудал дээр захиргааны арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоорой. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь замбараагүй газар олголттой хамааралтай. Энэ асуудлын хажуугаар Засгийн газар зүгээр өнгөрч болохгүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал байгаагийн нэг нь газрын асуудал. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын банкинд олгочихсон. Энэ нь төлөвлөлт хийхэд хүндрэл учруулж байгаа.

Мөн 2012 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын банкинд цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажууд 0.8 га, МУИС-ийн  урд 0.12 га талбайг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлчихсэн. “Улаанбаатар” зочид буудал болон, төв талбайн урд хэсгийн газрууд энэ захирамжид орчихсон байгаа. Энэ асуудлуудыг цэгцлэхгүй бол цаашид төлөвлөлт хийхэд хэцүү болно. 

Засгийн газрын хуралдаанаар яригдсан өөр нэг асуудал бол “Найрамдал” зуслантай холбоотой асуудал. Энэ зусланг улсын төсөвт байгууллага болгож бүтэц, чиг үүрэгт нь өөрчлөлт орууллаа.

Зуслангийн газар дотор 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд газар олгочихсон байгаа. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ “Найрамдал” зуслангийн газар, “Улаанбаатар” зочид буудлын урд хэсгийн газар, Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү орж болохгүй. Энэ асуудлыг цэгцлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт Ерөнхий сайд ирэх даваа гаригаас өмнө холбогдох материалуудыг цуглуулах үүрэг өгсөн. Ирэх даваа гаригт үдээс хойш Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиж ажиллана. Мөн ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж асуудлаа шийднэ. Гэхдээ зарим объектыг буулгахаас өөр аргагүй болж байгаа. Ингэж сургамж авахгүй бол болохгүй нь.

Эдгээр асуудлаас гадна Их тэнгэрт бизнесийн зорилгоор “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор байгуулахаар төлөвлөчихсөн байсан. Мөн Зайсанд аялал жуулчлалын зорилгоор газар авчихаад орон сууц барьсан тохиолдол их бий” гэлээ.