УИХ-ын дарга Г.Занданшатар ЕСБХБ-ны дэд ерөнхийлөгч Алейн Пилоуг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.27) Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1,4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн хэвшил рүү чиглэж ирснийг тэрбээр уулзалтын эхэнд тэмдэглэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо эхэлсэн талаар танилцуулав. Мөн Монгол Улс эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байсныг онцолсон юм.
Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгасан үндсэн чиглэлийн нэг нь олборлолтын бус буюу уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэж буйг онцлов. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станцууд барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний 100 гаруй төсөлд санхүүжилт олгожээ. Цаашид хотын хөгжлийн чиглэл, хатуу хог хаягдал боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэрт дэвшил гаргах, бохир ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулах, дулаан хангамж, хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдгийг ноён Алейн Пилоу дурдаад Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулж, өөрийн байр суурийг илэрхийлэв.
УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг парламентаас ямагт дэмжиж ажиллах болно гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.