Замын тоосонд дарагдсан сэтгүүлзүйн нэр төр

Нийтэлсэн: Админ 2019-05-26 15:54:00

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймагт өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор нэр бүхий уурхайн аманд очиж хэсэг хэрүүл хийснээс өөр тоймтой мэдээлэл, сурвалжлага бэлтгэж цацаагүй байна. Уг нь 50 гаруй сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй баг Ерөнхийлөгчөөрөө ахлуулан ажиллаж байгаа юм.

Ерөнхийлөгч (сэтгүүлчдийн!!!) Х.Мандахбаяр энэхүү аяллыг ямар зорилгоор зохион байгуулсан нь сэтгүүлчдэд ч ойлгомжгүй байсаар байна. Аяллын баг Өмнөговьд очуутаа нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Үргэлж үйл явдлыг дагаж сурвалжилж явдаг сэтгүүлчид энэ удаа иргэдтэй уулзах болов. Харин уулзалтад ноён Ерөнхийлөгч маань ямар дүрээр байлцах нь сонирхолтой асуудал байсан нь мэдээж. Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчийн хувиар уу, эсвэл Өмнөговь аймгийн МАН-ын өсөх ирээдүйтэй лидерийн хувиар уу? Мэдээж хэрэг хоёр дахь хувилбар нь амьдралд арай ойрхон сонсогдоно.

Өөрөөр хэлбэл Х.Мандахбаяр хэмээх энэ амбицлаг залуу Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэр, сүрээр түрий барин, дагуулж яваа сэтгүүлчдээрээ гул барин Өмнөговьд улс төр хийгээд яваа ажээ. Аз болж тэрхүү уулзалтад нь нутгийн иргэд бараг очилгүй тэгсхийгээд тарснаар сэтгүүлчдийн, сэтгүүлзүйн салбарын нэр нүүр бүтэн үлджээ.

Үүний дараа ноён Ерөнхийлөгч (сэтгүүлчдийн!!!) өчигдөрхөн Өмнөговийн Гурвантэс суман дахь “Саус Гоби Коал Транс” ХХК-ийн уурхайд очиж дөвчигнөсөн нь дээрх хардлагыг улам бүр батлаад өгөв. Уурхайн аман дээр Х.Мандахбаяр сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч ч биш, Өмнөговийн МАН-ын лидер ч биш, эх оронч, уул уурхайг эсэргүүцэгчдийн дүрд хувирчээ. Уурхайчдыг ажлын байрнаас нь хөөгөөд зогсохгүй, “20 автобустай эргэн ирж хөөж явуулна” хэмээн заналхийлсээр цааш хөдөлсөн байна. Харин энэ удаа түүнийг дагалдаж явсан сэтгүүлчид уурхайд үлдэж, үндсэн ажлаа хийжээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын энэхүү сүржин аяллаас хоёр л зүйл тодорхой болов. Нэгд, Өмнөговийн иргэд уул уурхайн үр шимийг мэдрээд, хүртээд эхэлчихжээ. Хэрийн өдөөн турхирагч, бүр сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчийн статустай хүн очоод ч иргэд уул уурхайн эсрэг хөдлөхгүй нь. Монголын хөгжлийн үүц гэдэг нь тодорхой болчихсон, уул уурхай гэдэг зөвхөн ухах зөөхийн нэр биш гэдгийг гадарладаг болчихсон хүмүүс шүү дээ.

Хоёрт, нутаг усны иргэдийн дунд зонхилж буй энэ хандлагыг мэдсээр байж Х.Мандахбаяр хэмээх эрхэм юунд ийнхүү сүржин аян зохиож, даржин царайлж явна вэ. Тэр өөрөө уул уурхайн үр шимийг хангалттай хүртсэн Өмнөговь аймагт төрсөн. “Үндэсний мэдээ” сонинг уул уурхай, тэр тусмаа Өмнөговь аймагт Тавантолгойнд ордод хувь эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамтран байгуулж байсныг хүмүүс мэддэг. Энэ бол нүүрсний л хаялга. Тэр байтугай 2014 онд “Өмнөговь аймгийн өрх бүрт 2 тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё” хөтөлбөр санаачилж, аймгийн Засаг дарга, ИТХ-д хүргүүлж байсан тухайгаа ч Монгол Улсын шилдэг 99 улстөрч тодруулах санал асуулгад оролцож, 51 санал авсан намтартаа эрээлэх юмгүй бичиж явсан биш бил үү?

Хүнд эх орончийн дүрд гэнэт хувирах ганц л шаардлага байдгийг одоо ард түмэн гадарлахтайгаа болжээ. Тэр нь илүү том амбиц. Өмнөговиос УИХ-д сонгогдох байтугай энэ тойрогт намаасаа мандат авах ч хэцүү, өрсөлдөөнтэй болж буй цаг үед Х.Мандахбаяр өрсөж нүүдэл хийж буй нь энэ бололтой.

Харамсалтай нь энэ нүүдлийг нь иргэд ч тоосонгүй, уурхайчид ч хэрэгссэнгүй. Үр дүнд нь тэгээд Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчдийн салбарын нэр хүнд л замын тоосонд дарагдаад хоцрох шив дээ.  МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг дөрөв дэх засаглалын нэгдүгээр хүн хэмээн хөөргөддөг нь оргүй хоосон ч үг ч биш байсан цаг саяхан юм шүү.

А.Сонор