Н.Шагай: Бид нэг түмэн инженер бэлтгэх зорилготой
Монголдоо мэдээлэл технологийн салбарын шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой “Нэст академи”-ийг үүсгэн байгуулагч, дэлхийд алдартай “Амазон”-ы ахлах инженер Н.Шагайтай ярилцлаа.
-Та сургууль болон сургалтын төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулж, манай уншигчдад мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?
-Одоохондоо бол сургалтын төв гэж хэлсэн нь зөв байх. “Nest academy” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2017 онд “Олонлог” сургуультай хамтарсан. Түүнээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оноос бие дааж, тусдаа академи болон үйл ажиллагаа явуулах болсон юм. Бид “нэг түмэн монгол инженер” гэсэн уриатай. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн нэг түмэн хөгжүүлэгч инженер хүүхэд бэлтгэх зорилготой. Тиймээс дээрх уриаг дэвшүүлсэн юм. Ингэж чадсанаар “google”, “facebook”, “amazon” зэрэг том компаниуд Монголд оффисоо нээх боломжийг бүрдүүлнэ. Европын орнууд яг ийм жишгээр ажилладаг. Хангалттай олон тооны хөгжүүлэгч байгаа газарт том компаниуд оффисоо нээх сонирхолтой байдаг. Гэтэл манай улсад дутагдаж байгаа зүйл нь туршлагатай, чадвартай сайн мэргэжилтэн олноороо байж чадахгүй байна. Тэр утгаараа бид үүнийг Монголдоо бэлтгэе гэсэн үндсэн зорилго тавьсан юм. Түүнээс биш өнгөрсөн арав, хорин жилд бид, монгол залуус яаж гадаад явах вэ, хэрхэн өндөр цалинтай газар ажилд орох вэ гэдэг тухай л боддог байж. Гэтэл дотооддоо, эх орондоо яаж өндөр цалинтайгаар, гаднын том компанид ажиллаж болох вэ гэдэг талаар хэн ч ярилцаж байсангүй. Тийм учраас энэ санаа төрсөн. 2015 оноос би “Амазон”-д ажиллаж байгаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа Монголоос “Амазон”-д ажилчид авах боломж гарч ирсэн. Би зуучилсан ч харамсалтай нь амжилттай болоогүй. Амжилттай болоогүй олон шалтгаан бий. Тухайн үед сэтгэлээр ч их унасан. Харин азаар “Амазон”оос тэр жилдээ “бэлтгэгч инженер” гээд шинэ хөтөлбөр боловсруулж эхэлсэн. Үүнийг судлаад “Монголоос хүүхдүүд авч болох уу” гэж асуухад “Бид Монголд очиж болж байна. Хамгийн гол нь хангалттай олон хүүхэд байж чадах уу” гэдэг асуулт гарч ирсэн. Эндээс л анх “нэг түмэн инженер”-ийн тухай бодол толгойд эргэлдэж эхэлсэн гэхэд болно. Ер нь яагаад заавал АНУ-д аваачих ёстой гэж. Тэднийг эх орондоо дуудах боломж бидэнд байна гэдгийг олж харсан.
-Яг хэзээнээ ахлах сургууль болох вэ. Хэрвээ ахлах сургууль болбол мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулж буй анхны сургууль болж таарах уу?
-Ер нь бол мэдээлэл технологи зааж байгаа ахлах сургуулиуд манай академи үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш харьцангуй олон болжээ гэж харж байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуультай хамтраад үдээс хойших хөтөлбөрөө туршиж үзэх гэж байна. Яагаад гэвэл, бидний гол зорилго нь яаж богино хугацаанд авьяас чадвартай хүүхдүүдийг гаргаж ирэх вэ гэдэгт оршиж байгаа юм. Тэр утгаараа арван жилийн сургуульд хэрэгжүүлж үзье гэж бодсон юм. Тиймээс “Nest Ахлах Сургууль”ийг энэ хичээлийн жилээс эхлүүлж байна.
-Танай академид суралцсаны гол давуу тал, онцлог юу байх вэ?
-Бусдаас ялгарч буй гол мөн чанар нь манай академийн үндсэн үүсгэн байгуулагчид нь “Цахиурын хөндий”-д ажиллаж байсан монгол инженерүүд юм. Дэлхийн стандарт ямар байна вэ, юу хэрэгтэй вэ гэдэг ерөнхий чиглэл, зөвлөмжийг өгдөг. Сургалтаа зааж байгаа хүмүүс нь багш биш. Мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учраас илүү бодит сургалт болох юм. Их сургуулийн багш нар тухайн мэдлэг мэдээллээ амьдрал дээр ашиглаж байгаагүй атлаа амаараа л ярьдаг. Яагаад хэрэгтэй вэ гэдгээ мэдэхгүй л заагаад байна. Тэд ном уншаад л сурсан учраас түүнийгээ л ярина. Гэтэл манай академийн багш нар бол тухайн программ яагаад хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн туршлагатай хүмүүс. Гол ялгаа нь энэ. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг бид 2-3 жил туршаад, амжилт нь мэдэгдчихсэн. Энгийн жишээ хэлэхэд “Олонлог” сургуулийн найман хүүхдийг “Харуул занги” гэдэг тэмцээнд бэлдээд, тэд түрүүлсэн. Өмнө нь огт программаар хичээллэж байгаагүй хүүхдүүдийг бид нэг жилийн хугацаанд сургаад дотооддоо шилдгүүдийн тоонд багтахуйц түвшинд хүргэж чадаж байна. Одоо энэ сарын 25-нд манай академи дээр сурсан хүүхдүүд маань өнгөрсөн жил сурснаа ашиглаж бүтээл хийж үзүүлнэ.
-Хар ухаанаар ойлгоход мэдээлэл технологийн чиглэлээр суралцахад заавал гадаад хэлний мэдлэг шаардлагатай болж байна. гэтэл манайд гадаад хэлтэй нь хэд билээ. Гадаад хэлний мэдлэггүй ч мэдээлэл технологийн чиглэлээр суралцах боломжтой юу?
-Бидний анзаарснаар манай сургалтад ирж байгаа хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшин харьцангуй сайн байна. Ярианы болон унших, бичих чадамж сайжирсан. Тиймээс өөрсдөө сураад, хийх боломж бий. Англи хэл сул тал байхаа больсон. Товчхондоо бол хэрэглээ болчихож. Нөгөө талаар гадаад хэлгүй хүн ч мэдээлэл технологийг сурах боломжтой. Хажуугаар нь гадаад хэлээ ч сурчихна. Бид одоохондоо монгол хэлээр хичээлээ зааж байна. Яваандаа англи хэл дээр заах бодолтой байгаа.
-Та “Амазон” гэж том компанид 2015 оноос хойш ажиллаж байна. тэгвэл Монголын мэдээлэл технологийн салбарын хөгжил ямар түвшинд байна гэж хардаг вэ. Бидний энэ салбар гологдож байна уу?
-Мэдээж сул тал бий. Гэхдээ давуу тал олон байна. Юугаараа давуу вэ гэхээр монгол хүүхдүүд бусад орныхныг бодвол маш богино хугацаанд хувьсах чадвартай. Аливааг хурдан хүлээж авах чадвар бий. Үүнийгээ давуу тал болгоод дэлхийд тэргүүлэх боломж харагдаж байгаа юм. Дээрээс нь манай нэг үзүүлэлт байна. Манай сургалтын төвд нэг жил суралцсан хүүхдүүд дундаас нь сургуулиа хаясан тохиолдол байхгүй. Энэ бол дэлхийд байхгүй үзүүлэлт. Дэлхийн жишгээр бол программын чиглэлээр суралцаж буй 100 хүүхэд тутмын 85 нь эхний хоёр жилдээ сургуулиа хаядаг. Харин манайд 90-ээс дээш хувь нь суралцаад төгсч байгаа нь дэлхийд байхгүй дээгүүр үзүүлэлт юм. Эндээс харахад манай улсад олон давуу тал байна. Богино хугацаанд дэлхийд тэргүүлэх боломж бий. Гэтэл бид түүнийгээ олж харж чадахгүй байна.
-Нэг ёсондоо хичээлээ сонирхолтой хэлбэрээр зааж чаддаг гэсэн үг үү?
-Яг тийм. Ерөнхийдөө сургалтын дэлхийн жишгүүд байдаг. Сургалт гэдэг нь хүүхдийн толгой руу мэдлэг чихэж оруулах, давтуулах гэж ойлгоод байна. Тэгвэл манай сургалтын үндсэн арга нь практик дээр суурилсан. Мэдлэгийг дотроос нь бага багаар ургуулах гэдэг зарчмыг барьдаг. Дөрвөн хүүхдийн дунд нэг туслах багш байна. Туслах багш нарын үүрэг нь хүүхдүүд юун дээр гацаж байгааг тайлбарлаж, ойлгуулах юм.
-Багш нарын хувьд тантай адилхан гадаадын том компаниудад ажилладаг уу?
-Зөвлөгөө өгдөг хүмүүс нь гадаадаас зөвлөгөөгөө өгч байна. Үндсэн багш нарын хувьд янз бүр. Гадаадад ажиллаж байсан нь бий. Өөрсдөө компани байгуулж байсан, эсвэл гадаадаас ажил авч Монголдоо хийдэг хүмүүс багшилж байгаа. Тэгэхээр илүү өндөр чанартай гэж хэлэх гээд байна. Туслах багш нар ч энэ чиглэлээрээ улсдаа тэргүүлэх зэрэглэлийнх.
-Манай хүүхдүүдийн аливааг хүлээж авах, богино хугацаанд суралцах чадвар хэр вэ?
-Маш сайн. АНУ-д гурван жил сурдаг хичээлийг манай хүүхдүүд ганцхан жилийн дотор өндөр төвшинд сурчихаж байна. Үнэхээр бахархмаар.
-Бидний үед мэдээлэл технологийн хичээл гэхээр хэрэглээний хоёр, гурван программ л заадаг байж. Одоогийн шинэчлэлт юу вэ?
-Мэдээлэл технологийг бүхий л салбарт орж байна. Хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл гэх мэт бүх салбарт нэвтэрсэн. Ворд, экселиэр л бүхнийг төсөөлдгөөсөө салах цаг болсон. Нэг ёсондоо урлаг болоод байна.
-Танай сургалтын төвд суралцаад төгссөн хүүхдүүд тантай адилхан гадаадын том компаниудад шууд ажиллах боломжтой гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бид үүнийг л зорьж ажиллаж байна, боломжтой шүү дээ. Манай туслах багш л гэхэд “google”-ийн зуны дадлагат тэнцсэн.
-Гадаадын том компаниуд монгол залуусыг хэрхэн хүлээж авдаг вэ. Жишээ нь, таныг “Амазон” хэрхэн хүлээж авч байв?
-АНУ-д бүх хүнийг ижил түвшинд хүлээж авдаг. Монгол хүн үү, хятад уу, энэтхэг үү гэдэг нь хамаагүй. Хүнтэй харьцаж чадаж байгаатай нь л хамтардаг. Монголчууд чадвараараа дэлхийд үнэлүүлж чаддаг. Цаашид ч илүү олуулаа дэлхийд гарах хэрэгтэй байна.
-Монголын залуус гадаадад ажиллахаар өндөр түвшний үнэлгээ авдаг. гэтэл дотооддоо тийм ч сайн биш. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай удирдлагууд үр ашгийг нь гаргаж чадахгүй байгаа учраас мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг үнэлж чадахгүй байна. Гадаадад нэг програмисстын үр ашгийг 50, 100 дахин ашиглаж чадаж байгаа учраас илүү өндөр үнэлэгдэж байгаа юм. Тэр хэрээрээ эрэлттэй байна. Монголд тулгарч буй гол бэрхшээл нь мэргэжлийн хүмүүсийг үнэлэх үнэлэмж.
-Танай сургалтын төв болон ахлах сургууль нэг ээлжиндээ хэчнээн хүүхэд элсэлтээр авдаг вэ. Хугацаа нь?
-Одоо сургалтын төвийн хувьд жилд 40 хүүхэд авч байна. Найман сар суралцах юм. Энэ жилээс зуны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Шахуу хөтөлбөрөөр дөрвөн сарын хугацаанд бүх зүйлээ суралцах боломжтой. Суралцагчид хоёр боломжоос сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ хичээлийн жилээс эхлээд ахлах сургууль дээрээ 200 шалгарсан хүүхэд элсүүлж академийнхаа туршигдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
-Төлбөрийн тухай мэдээлэл өгөх үү?
-Үнэхээр чадвартай хүүхэд байвал үнэгүй суралцах боломж ч бий. Тиймээс үнийн тал дээр санаа зовох асуудалгүй. Манай сургалтад төлсөн төлбөрөө ирэх жилээс компаниудад дадлага хийж, төлбөрөө эргүүлэн олох боломж бий. Тэр утгаараа төлбөр бол том асуудал гэж харахгүй л байна. Товчхондоо бол найман сар суралцаж төгсөөд зун нь дадлага хийх боломжийг олгох юм. Цаашид ч тийм боломжийн төлөө ажиллана.
Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин Б.Мөнхзул