УИХ-н дарга Г. Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн эхэллээ
НББСШУ-ны Байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог сайжруулах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилготой “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа төрийн албан хаагчид, ТББ, эцэг эхийн төлөөлөл, ОУ-ын байгууллагын төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье”
үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг
“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” Үндэсний зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүдийн төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Гэр бүл бол хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл, эх сурвалж бас ирээдүй. Учир нь хүн төрөлхтний үнэт зүйлс, уламжлал, ёс заншил зэргийн талаар хамгийн анхны ойлголтыг хүүхэд гэр бүлээс олж авч, түүнийгээ насан туршдаа баяжуулж бататгаж явдаг. Сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, ялангуяа тархи судлал буюу нейро шинжлэх ухааны ололт нь хүүхдийн ирээдүйн хүмүүжил, зан төрхийн үндэс нь эхийн хэвлийд байхаас 5 нас хүртэлх хугацаанд төлөвшдөг болохыг тогтоосон байна. Ийм ч учраас Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг байсан. Тийм учраас хүүхдийг хамгаалах, гэр бүлийн институцийг бэхжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил боловсролын асуудал бол улс орны тэргүүлэх зорилго бөгөөд Монгол улсын төр засгаас гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын асуудалд байнга анхаарал хандуулж, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас “Монгол Улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого (2003), “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”(2016), “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”(2016), “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” (2016), “Хүүхдийн эрхийн тухай” (2016), “Хүүхэд хамгааллын тухай” (2016), “Хүүхэд харах үйлчилгээний тухай” (2016), “Залуучуудын хөгжлийн тухай” (2017) зэрэг цөөнгүй хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж байна.
Нийгмийн хөгжлийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн хууль, тогтоомж дагаж өөрчлөгдөж байдаг жамтай. Монгол улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудлыг шийдэхээсээ салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан эдгээр өөрчлөлтүүд хийгдсэн байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ онд Улсын Их хуралд өргөн бариад байна.
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,
Өнөөдөр манай нийгэмд хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Энэ нь хүүхдийн өсөж торних, сурч хөгжих, энэрэн хайрлагдах анхдагч орчин болох гэр бүлд хүрч үйлчлэх төрийн үйлчилгээний тогтолцоог цаашид улам боловсронгуй болгож, хүүхэд нэг бүрийн эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг шаардаж байна. Бүх хүүхдүүд энэрэл хайраар дүүрэн орчинд өсөж бойжих эрхтэй.
Сүүлийн үед хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, асрах байгууллагуудаар явж байхад, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзахад үндсэн эх сурвалж нь гэр бүлийн харилцаанаас шалтгаантай, гэр бүл салсан, эцэг эхчүүд архинаас хамааралтай болсон. Ийм гэр бүлд хүүхдийн эрх зөрчигдөх явдал түгээмэл байна.
НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг хэрэгжүүлэх талаар авсан амлалтаа хэрэгжүүлж, нэг ч хүнийг түүний дотор нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг ардаа орхилгүй хөгжих зарчимд тулгуурлан нийгмийн тэгш байдлыг тогтооход манай парламентын үйл ажиллагаа чиглэж байна. Дэлхий нийтийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, нийгэмд тулгамдж байгаа олон асуудлуудын эх сурвалж уг үндэс нь нийгмийн тэгш бус байдал байна. Нийгмийн тэгш бус байдлын цаад үндэс нь ядуурал, ажилгүйдэл байна. Иймээс гол асуудлаа шийдвэрлэхийн төлөө Парламент, Засгийн газар онцгой анхаарал тавьж, нийгмийн шударга ёсыг хангах, тэгш бус байдлыг халах, орлогын хэт ялгаатай байдлыг тэгшитгэж байж чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлснээр нийгмийн асуудлуудыг шийднэ гэсэн олон улсын эрдэмтдийн дүгнэлтийг авч хэлэлцэж байна. Үүнийг ч бид онцгой анхаарч ажиллаж байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эрүүл мэндийн доройтол, оюун ухааны өвчлөлт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийн үндэс нь нийгмийн тэгш бус байдал юм.
Хэрэв бид илүү сайн сайхан нийгэм байгуулъя гэвэл аль болох орлогын тэгш байдлыг хангахад л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Бидний тодорхойлж байгаа энэ том санаа, шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцаа бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэл зүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах асар их хүчтэй юм.
Махатма Ганди хэлэхдээ “Улс орны хүч чадал нь сул дорой иргэддээ хэрхэн хандаж байгаагаар хэмжигдэнэ” гэжээ.
Монгол Улсын хөгжлийн үндэс болсон гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэж буй энэ зөвлөгөөнөөс төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах ажил хэрэгч санал санаачилга олноор гарна гэдэгт итгэлтэй байна.
Монголын үр сад нэг бүр хүчирхийллээс ангид баталгаатай, тогтвортой, ээлтэй орчинд өсөж, нийгэмдээ идэвхтэй, аз жаргалтай иргэн болох боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл чухал юм. Удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан монголынхоо нийт эхчүүд, хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан, баяр хөөрөөр дүүрэн явахыг хүсэн ерөөе.
Улсын зөвлөгөөний ажилд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс