Солонгос улсын визний хариу гурван сарын дараа гарна
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгаж байгаа аж. Тиймээс тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна.
Мөн визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. Тиймээс иргэдийг аль болох хуурамч материал бүрдүүлэхгүй байхыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар БНСУ-д яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон иргэд тухайн материал авах газартаа “яаралтай виз гаргах хүсэлт”-ийг бөглөж, материалаа өгөх юм байна.
Одоогоор БНСУ-д Монголын 50 мянган хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүмүүсийн 20 мянга нь хууль бусаар оршин суугаа иргэд аж. Тиймээс гурван сарын виз аваад зорчиж байгаа монголчууд визний хугацаагаа дуусгаад харлах явдал ихэссэн учраас тус улсын зүгээс хяналт, шалгалтыг чангатгах болсон байна.
Мөн БНСУ-ыг зорьж байгаа иргэд гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй бол 10 сая хүртэлх вонноор торгох, хилээр нэвтрэх болох дахин ирэх эрхийг хаах шийдвэрийг энэ сараас эхлэн гаргажээ. Учир нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн буюу гахайн халдварт өвчинг тус улсад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргаж, хилийн боомтын хяналтыг чангатгасан байна.