17 хороо шинээр байгуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороог хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтжээ. Уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлахаар болжээ. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа юм.