Н.Номтойбаяр: Би Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Надтай холбоотой хоёр мэдээлэл хэвлэлээр гарч байна. Талийгаач Г.Батхүүд тохиолдсон золгүй явдалд харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол дан ганц АН-ын харамсал биш, Монголын ард түмэнд харамсалтай хэрэг боллоо. Би талийгаачтай энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд таарсан.
Ингээд миний өрөөгөөр орж 5, 10 минут ярилцаж суусан.
Хамгийн сүүлд “МАН-ын гишүүд уулзсан” гэж гайхаж, эргэлзэх зүйл байхгүй. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би мөн. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа буюу 19.18 минутад би бүлгийн хуралд суусан. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан.
Би хаана, хэдийд, хэнтэй таарснаа бүгдийг нь мэдүүлэг өгсөн.
БНХАУ руу гишүүд айлчлалаар явж ирээд өдрийн хоолонд орсон. Айлчлалаас ирсэн задалсан юм байсан. Гэхдээ халамцуу байгаагүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Таныг тэр өдөр согтуу байсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-БНХАУ руу айлчлалаар яваад ирсэн гишүүд өдрийн хоолонд хамт ороод Шин Жиньпин даргын өгсөн бэлэг гээд нэг шил архи задалсан нь үнэн. Түүнээс биш халамцуу явж байсан гэдэг бол худлаа.
-Тантай уулзахдаа ажлын хэсгийн хуралд нь суусан олон улсын авто уралдааныхаа талаар ярьсан уу?
-Талийгаачийн удирдаж байсан холбоо бол авто машин, мотоциклийн холбоо. Манай холбоо бол тусдаа. Торгоны зам уралдаан долдугаар сард болно гээд ярьж байсан. Би ч бас мэдэж байсан. Миний ойлгосноор Төрийн ордны гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд хурал нь болсон юм шиг байгаа юм. Манай төрлийн холбооны өнгөрсөн таван жилийн ажлын дүгнэлт, тамирчдын цол зэргийн асуудал яригдах гэж байгаа. Тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү агсны тэргүүлж байсан холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар хамтраад шийддэг. Миний зүгээс манай холбооны тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч. Хамгийн эхний том тэмцээн зургадугаар 14-15-нд болно. Долдугаар сард олон улсын тэмцээн болно. Тиймээс үндсэн холбоотойгоо хамтраад хурлаа хийе. Хоёулаа 44 мянган авто спорт сонирхогчдынхоо өмнө хэвлэлийн хурал хийгээд хамтран ажиллая гэсэн ажил хэрэгч зүйл ярьсан.
-Сэтгэл санааны хувьд ямархуу байсан бэ?
-Зүв зүгээр явж байсан. Нэлээд жин хассан нь анзаарагдсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй.
-Талийгаач ганцаараа явж байсан уу?
-Ганцаараа явж байсан.