Мах бол нийлүүлэлтийг нь ТЕГ шалгах ёстой стратегийн бүтээгдэхүүн
Сүүлийн үед махны үнэ, түүний эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ олны анхаарлыг татаж байна. Махны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17, ямааны мах 28, үхрийн мах 14, адууны мах 11 хувиар өссөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Махны үнэ ийнхүү бүх төрөлдөө 10-аас дээш хувиар өсөхөд нийлүүлэлтийн хомсдол нөлөөлсөн болохыг тус салбарын сайд Ч.Улаан сайд хэлсэн юм. Түүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хоёроос гурван компани нийлээд зохион байгуулалттайгаар хомсдол үүсгэж байж магадгүй гэсэн дөрвөөс таван мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Тагнуулын ерөнхий газар зохиомлоор хомсдол үүсэв үү, эсвэл зах зээлийнхээ зарчмаар үүсэв үү гэдгийг шалгаж Засгийн газарт танилцуулна” гэсэн юм. Үүний дараа олон нийтийн сүлжээнд “Хөөрхий Монголын цагдаа нар түүхий нүүрсэнд, тагнуулынхан манхны нийлүүлэлтэд хяналт тавьдаг болчих гэж” гэсэн сэтгэгдэл хөвөрсөн. Уг нь олон нийт үүнийг шоолсон янзтай хүлээж авахаас илүү цаад үр дагаврыг нь сайн бодох хэрэгтэй. Мах, сүү, улаанбуудай бол стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтэд төр анхаарлаа хандуулж бодлогоо хэрэгжүүлдэг. Тухайлбал, төрийн бодлого, дэмжлэгтэйгээр жил бүр нөөцийн мах бэлтгэж Улаанбаатар болон бусад томоохон төв суурийн газруудад худалдаалдаг. Энэ жилийн хувьд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК нийт 4000 тонн мах бэлтгэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 137 хүнсний дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм. Энэ сарын 15-ны байдлаар нийт нөөцийн махны 1400 тонн мах буюу 35 хувийг худалдаалжээ. Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор ирэх амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна.
Төр стратегийн бүтээгдэхүүнээ хяналтдаа байлгахгүй бол манайх шиг жижиг зах зээлд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өсгөх амархан. Үүнийг эсрэг бодлогоо хэрэгжүүлэх нь иргэн төвтэй төрийн хууль ёсны үүрэг. Тагнуулын байгууллага Засгийн газраас өгсөн үүргийн дагуу зохиомол хомсдол бий болгон иргэдийн халаас руу хүссэн хэмжээгээрээ гар дүрж нийгэмд бухимдал үүсгэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байгаа эсэхийг өчигдөр шалгажээ. Манай улсад нийтдээ 69 аж ахуйн нэгж мах экспортод гаргах зөвшөөрөлтэй. Тэдний нэг болох БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” компанийн агуулахад хийсэн гэнэтийн шалгалтаар их хэмжээний мах нөөцөлсөн байсан нь тогтоогджээ. Ганцхан аж ахуйн нэгж ингэж их хэмжээний мах нөөцөлснөөс харвал махны нийлүүлэлтийг удирдах боломж эдгээр аж ахуйн нэгжүүдэд 100 хувь байна. Тиймээс махны нийлүүлэлтэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай.