УИХ-ын дарга Г.Занданшатар мод тарилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Цэрэнбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтэд хэлсэн үгэндээ “Та бүхэндээ буян хураах энэ сайхан хуртай өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол хүн мод тарихыг амьдралдаа заавал хийх гурван том сайн үйлийн нэг гэдэг.
Намайг арван жилийн 77 дугаар сургуульд суралцаж байхад манай билогийн хичээл дээр мод үрслүүлдэг байсан. Бидний үед хүүхдүүдэд тэгж зааж, хүмүүжүүлдэг байлаа. Одоо сургууль бүхэнд үүнийг хэвшүүлбэл хойч үе маань ойн талаар өндөр боловсролтой болно. Ойгоос мод огтолж авчраад ургуулах биш, үрслүүлээд, үржүүлж тарьдаг болно. Энэ жил салбарын яамнаас уулнаас биш мод үржүүлгийн газраас үрсэлгээ авч, тарьж ургуулах гэж байна" хэмээсэн юм.
Тэрбээр мөн, мод болгоныг эзэнтэй болгож, зөвхөн тариад орхилгүй, арчилж ургуулдаг байхыг мод тарихаар цугласан аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд захиад "Тарьсан модондоо өөрийнхөө нэрийг зүүж, “Энэ миний мод” гэж арчилж тордож, сэтгэлээ шингээж ургуулаарай. Мод бүхэн амин сүнстэй. Модыг ургуулахад хүн та бидний сэтгэл хэрэгтэй. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зөвхөн тарьдаг биш, арчилж ургуулдаг болгож шинэчлэн баяжуулъя. Өнөөдөр тарьсан мод нь ирэх жил ирэхэд цэцэглэсэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье" гэв.
Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар нээлтэд үг хэлэв.
Нээлтийн ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Цэрэнбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга, ажилтнууд УИХ-ын Тамгын газрын нэрэмжит талбайд нэмж мод тарив.
Энэ өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд аж ахуйн нэгж байгууллага, иргэд 10 төрлийн 3000 гаруй мод бут сөөг тарьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.