“Ebarimt” системийг шинэчлэн хэрэглэхэд хялбар болгожээ
Ebarimt-ийн системийг шинэчлэн хэрэглэхэд илүү хялбар, нэмэлт боломжуудтай боловсронгуй болгожээ. 2014 онд “И-баримт” системийн хөгжүүлж эхлэн 2016 онд зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг систем 807 мянган хэрэглэгчтэй болтлоо өргөжсөн хэрэглэгчийн тоо болон хэвлэж буй баримтын тоо жилд 40 хувиар өсжээ.
Өнгөрсөн хугацаанд иргэдээс системтэй холбоотой санал, хүсэлт олон ирсэн учраас тухайн саналыг нягталж системээ сайжруулсаар ирсэн байсан. Харин энэ удаагийн шинэчлэлт гурван жилийн турш гомдол дагуулж байсан хүндрэлүүдийг нэг дор шийдэж байгаагаараа онцлогтой гэнэ.
Татварын алба 807 мянган татвар төлөгч иргэдтэй харилцдаг хамгийн том суваг нь “ebarimt” болсон учраас үүнийгээ ашиглаж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, баримт олгодог аж ахуйн нэгжийн цар хүрээгээ нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог бүр илүү үр дүнтэй ашиглах үүднээс гар утаснаасаа санал, гомдлоо илгээх боломжтой болгожээ.
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр харуулдаг болжээ. Тиймээс гар утасны аппликейшнээр дамжуулан баримтын мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, таны бүртгүүлсэн баримтаас тэдэн төгрөг буцаан олгогдож байна, энэ баримт буцаан олголтгүй байна гэх мэтийн статистик мэдээллийг өгч эхэллээ.
Ирэх зургаадугаар сарын 1-нээс кассын программд суудаг татварын ПОСАПИ-ийг шинэчлэхээр төлөвлөсөн учраас цаашид “үнийн дүн зөрүүтэй” гэх алдаа гарахгүй юм байна.
2019 онд Ebarimt-ийн системийг дөрвөн удаагийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Эхний буюу энэ удаагийн шинэчлэлээр санал, гомдлыг хүлээн авах, хэрэглэхэд хялбар, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Дараагийн шинэчлэлтээр баримтын баталгаажуулалтыг хялбар болгоно. Хэрэглэгчдийг худалдан авалт хийх бүртээ тухайн дэлгүүр болон цэг дээрээ баримтаа баталгаажуулдаг болгоно. Харин есдүгээр сард зах, худалдааны төвүүдийг баримт олгох боломжийг бий болгохоор зорьж байгаа аж.
Ирэх жилээс НӨАТ-ын баримтын буцаан олголтыг улирал тутам олгож эхлэх юм байна.