ПРОТОКОЛ: Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлж, Л.Өлзийсайханыг томиллоо

Нийтэлсэн: Админ 2019-05-09 14:33:39
 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлж, түүний оронд Л.Өлзийсайханг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар санал хураалт явуулахад Ц.Цолмонг 80.4 хувиар чөлөөлж, Л.Өлзийсайханыг 88.2 хувиар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.


 

М.Энхболд: Ц.Цолмон өргөдлөө өгч оронд нь Л.Өлзийсайхан дарга нэр дэвшиж байгаа юм байна. Дэмжиж байна. Сайн ажиллаарай. Өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Ц.Цолмон даргын талаар хэдэн юм хэлэх хэрэгтэй байх. Энэ залуу бол төрийн захиргааны хууль эрх зүй хариуцсан газарт доороос дээш хүртэл есөн жил ажилласан. Хууль зүйн салбартаа тодорхой төвшний хүн. Монголын төрд шат дарааллан бэлтгэгдсэн хүн. Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ залуугийн хийсэн ажлыг дурдах нь зөв байх аа. Хэн нэгнийг гаргаж ажиллуулсан, тэгснээ хараар буддаг байдал энэ залуу дээр байж болохгүй гэдэг үүднээс байр сууриа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар таны санаачлан боловсруулж, батлуулсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг бодит байдлаар хэрэгжүүлж ажилласан хүн нь Ц.Цолмон. Улс орны хэмжээнд зохион байгуулсан. Маш олон мэдээлэл, саналыг цуглуулсан. С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан Дэгийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу, бидний биеийн давхцалгүйгээр санал өгөх ажлыг голчлон зохион байгуулсан хүн нь Ц.Цолмон. А, Б заал гэлтгүй УИХ-ын чуулганы харьяа танхимуудад ямар ч асуудалгүйгээр 15 орны хэлээр уулзалт зохион байгуулах техникийн нөхцөл бололцоог бүрдүүлсэн.

Өнгөрсөн онд Ази Номхон далайн бүсийн уулзалтыг Монголд зохион байгуулахад чухал үүрэгтэй оролцсон хүн шүү. Энэ талаасаа УИХ-ын үйл ажиллагаа, түүнийг явуулах нөхцөл бололцоог нь бүрдүүлсэн. Улс орны хэмжээнд буюу 2016 онд хэмнэлтийн тухай шийдвэр гаргахад энэ хүн ганцаараа хэрэгжүүлсэн шүү. Тамгын газрынхаа боломж бололцоо, санхүүгийн чадамж бололцоонд нь тохируулж 10 хувийн хэмнэлт хийсэн. Удирдаж ажилласан хамт олныхоо төвшинд нийгмийн үйл ажиллагаанд нь шийдвэр гаргасан юм билээ. Үүнийг нь Тамгын газрынхан одоо хэлдэг.


 

Г.Тэмүүлэн: Ц.Цолмон дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчээ. Миний хувьд төрийн алба мэргэшсэн хүн байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байдаг хүн. Сүүлийн 10, 20 гаруй жилийн хугацаанд Ардын нам гэлтгүй, Ардчилсан нам Монгол төрийг хүчгүйдүүлэх юм хийж ирсэн байна. Үүнд цэг тавих ёстой. Томилгоо нь нүдээ олсон байгаасай. Монгол төр ой санамж, хар хайрцагны бодлого гэж байх хэрэгтэй. Ц.Цолмон дарга бол 2000 оноос хойш хууль зүйн салбарт ажилласан, туршлагатай хүн. Хэд хэдэн хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байсан. Цаашдаа өөрийн мэргэшсэн боловсон хүчнээ ашиглаж, залгамж чанараа хадгалах хэрэгтэй байх. Том бодлогоороо авч хэлэхэд Монгол төрийн бодлого залгамж халаа гэж байх ёстой шүү. 200 гаруй бодлого гаргасан байна лээ. Үр дүн нь хомс. Тиймээс энэ асуудлаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.


 

С.Бямбацогт:  Г.Тэмүүлэн гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Ц.Цолмон дарга Монголын төр, хууль тогтоох, хэрэгжүүлэх, санаачлах асуудлаар олон жил тогтвортой, туршлагатай ажилласан хүн. Сүүлийн гурав гаруй жилийн хугацаанд Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Цаашид ийм чадварлаг боловсон хүчиндээ төр анхаарах ёстой.

Ер нь үе үеийн парламент өөр өөрийн гэсэн онцлогтой. 2012-2016 оны парламентыг одоогийнхтой харьцуулахад гишүүдийн хариуцлага дээшилсэн. Үндсэндээ өмнөх УИХ-ын үед хурал таслах, ирц бүрдэхгүй байх асуудал жишиг тогтоочихсон байсан. Энэ удаагийн УИХ хамаагүй дээшилсэн. Энэ ажлыг зохион байгуулах талаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сайн ажилласан. Цаашид энэ ажлыг нь үргэлжүүлж ажиллаарай.

Хууль тогтоох төрийн эрх байгууллага нь УИХ. Гишүүд хууль санаачлах асуудалд харьцангуй гайгүй ажиллаж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих, сурталчлах асуудалд анхаараарай. Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд тухайн газрын өөр хоорондын үл ойлголцол, хийдэл гардгийг анхаарах цаг болсон. Урт хугацааны хөгжлийн баримтыг баталсан. Тодорхой хугацаанд хэрэгжиж байна. 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ нь амьдралд нийцэж байна уу. Нийцэхгүй байна уу. Энэ талаар УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор уялдаа холбоог хангах тал дээр туслалцаа үзүүлж, тогтвортой байдлыг анхаарах цаг болсон. Зөвлөхөөс эхлээд олон жил ажиллаж байгаа хүний хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулаарай. Танд амжилт хүсье.


 

Ш.Раднаасэд: Ц.Цолмон дарга бол төрд бэлтгэгдсэн хүн. Есөн жил хууль боловсруулах асуудалд голчлон оролцсон хүн. Дахиж ийм боловсон хүчин Монголын төрд төрөх нь ховор шүү. А-гаас Я хүртэл үргэлжилсэн хуулийн төслийн алдааг засдаг, гол зарчмыг нь авч явах хүн хараахан гарахгүй. Есөн жил Ц.Нямдорж сайдын хажууд ажилласан хүн. Энэ хүнийг төр орхиж болохгүй. УИХ-ын болон гишүүдийн хариуцлага, гишүүдийг “хүмүүжүүлсэн” хүн нь Ц.Цолмон шүү. Л.Өлзийсайханд амжилт хүсье. 76 хүний үг үсгээр ажиллана гэдэг хэцүү шүү. Тэрэн дунд байр сууриа авч явахгүй бол Тамгын газар гэдэг парламентын “гал тогоо”-г авч яваа мэт боловч олон асуудал явна. Ард нь үлдэж байгаа хүмүүсийг битгий солиорой. Төрийн албаны зарчим нь энэ шүү. Хэвээр нь хадгалаарай. Төрийн албаны зарчим энэ.


 

Ц.Нямдорж: Л.Өлзийсайхан даргад амжилт хүсч байна. 76 гишүүний арга эвийг олох хэцүү дээ. Анх удаа Тамгын газрын даргаар эмэгтэй хүн томилогдож байна. Гишүүд гэхээсээ хэтэрхий дураараа аашилж байгаа байдлыг цаашид халаарай.

Ц.Цолмонгийн тухайд хэлье. 1998, 1999 оны үед Улсын шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд би орсон юм. Тэгэхэд шалгалт өгсөн оюутнууд дундаас ганц хуруунд үлдэх нь Ц.Цолмон байсан. Сүүлд 2000 онд сайд болчихоод хайж, сурагласаар хажуудаа авч, бэлтгэсэн хүн. Дундуур нь мастер хамгаалж, хэлний болон тухайн улсын хуулийг судалсан хүн. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглах ёстой. Хувийн ашиг сонирхолд автдаггүй хүн. Норвегийн парламентийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж л байлаа.

30 жил тухайн ажлаа хийсэн. Парламентынхаа “гал тогоо”-г ингэж авч явдаг юм байна. Эцэст нь хэлэхэд өөр албан тушаалд томилно гэж амласан юм байгаа биз. Тэрийгээ хурдан хийж өгөөрэй. Яалт ч үгүй Монголын төрд бэлтгэгдсэн цөөхөн хүний нэг Ц.Цолмон мөн шүү. Миний хажууд 30 шахам жил ажиллахдаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүй юм шүү. Залуу хүмүүс ямар нэгэн асуудалд орооцолдчих гээд байдаг. Ц.Цолмонд тийм юм байхгүй. Ийм боловсон хүчнээ дэмжих ёстой шүү.  

 

С.Гандөл