Ардын жүжигчин Ш.Чимидцэеэд туслах аян эхлүүлжээ

Нийтэлсэн: Админ 2019-05-09 9:46:59

Ардын жүжигчин Ш.Чимидцэеэгийн ар гэрт үүссэн асуудлын талаарх бичлэг өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор түүнд туслах аяныг Дорнод аймгийн Ялалт багаас эхлүүлэхээр болжээ. Энэ талаар тус багийн ерөнхий боловсролын есөн жилийн сургуулийн багш Б.Чинзоригтой холбогдоход “Ардын жүжигчин Ш.Чимидцэеэгийн бичлэг цацагдсаны дараа манай сургуулийн хөгжмийн багш Б.Чойгийн зүгээс хандивын аян зохион байгуулах санаачилга гаргасан. Түүний хувьд ардын жүжигчин Ш.Чимидцэеэгийн шавь. Энэ дагуу Багийн Засаг дарга Үржиндоржийн зүгээс үүрэг өгсөн. Ингэхдээ багийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллагын албан хаагч 2500, иргэдийн зүгээс 2500 төгрөг тус тус хандив өгөхөөр болсон юм. Сургуулийн сурагч бүрээс 1000 төгрөгийн хандив цуглуулах санал гаргасан. Мэдээж сурагчдаас мөнгө хураах нь асуудалтай.

Гэхдээ багийн хэмжээнд нэгдсэн уулзалт зохион байгуулж, энэ асуудлыг ярилцахад бүгдээрээ дэмжсэн юм. Хөгжмийн багш Б.Чой рүү СУИС, Хөгжим бүжгийн сургуулийн төгсөгчид, Ш.Чимидцэеэ дуучны төгсөлтийхөн холбогдож, дэмжиж байгаа илэрхийлсэн. Хандивын аяны талаар Ш.Чимидцэеэ гуйтай өөртэй нь холбогдсон. “Ямар гоё юм бэ. Баярлалаа” гэж байна лээ.

Хандивын аяныг өнөөдөр өглөөнөөс маргааш хүртэл нэг хоногийн хугацаатай зохион байгуулна. Аяны хүрээнд цугласан мөнгийг хүүгийнх нь данс руу шилжүүлэх юм” гэлээ.

Б.Жаргал