УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

Нийтэлсэн: Админ 2019-05-03 12:28:10

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус форумд оролцогчид болон Монголынхоо нийт сэтгүүлчдэд хандан илгээлт хүргүүллээ.

 

Монгол Улсын шинэ түүхийг дархлагч эрхэм сэтгүүлчид ээ,

Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

 

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлан тунхагласан. Энэ өдөр Монголын сэтгүүлчид дэлхий дахины мэргэжил нэгт нөхөдтэйгээ дуу хоолойгоо нэгтгэж чөлөөт хэвлэлийн хөгжил, сорилт бэрхшээл, туршлага сургамжаа хуваалцаж, хэлэлцэн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.

Тиймээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үнэнийг дархлах, түүхийг шаштирлах үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ өдрийг тохиолдуулан “Тунгалаг, үнэн бодит мэдээлэлгүй бол ардчилал үнэ цэнэгүй болно. Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шударга, алагчлалгүй нийгмийг цогцлоож, эрх мэдэлтнүүдийн үйлдэл, засаглалын бодит үнэнд хүрч чадахгүй” гэж хэлсэн байна.

Хараат бус, мэргэжлийн ёс зүйд суурилсан сэтгүүл зүй Монголд юу юунаас үнэ цэнэтэй боллоо. Шударга ёс алдагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг нийгмийг, хөгжил дэвшлийн ирээдүйг бохирдуулж байгаа нь үнэн. Хуулийг үл тоомсорлох, ард түмнээ алагчлах нь ердийн үзэгдэл болж, хууль шүүхийн байгууллага хэсэг бүлгийн хүсэл шуналаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болон хувирлаа гэсэн яриа олон жил үргэлжиллээ. Монголын асар их эрдэнэс баялаг цөөн гэр бүлийн мэдэлд төвлөрч, амь амьдралынхаа төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа жирийн иргэд ядууран доройтож, доромжлогдож байгааг нуух аргагүй. Хариуцлага, сахилга хаа сайгүй алдагдаж, нийгмийн хийгээд иргэний ёс зүй бохирдож, түгшүүр дэлдэж эхэлснийг ч бид харж, мэдэрч байна.

Ийм байж таарахгүй, энэ хэвээр байвал ирээдүй минь бүрхэг болно гэдгийг хүн бүхэн мэдэж, ойлгож, үнэн шударгын төлөөх үндэсний ухамсар сэргэж байна. Тиймээс шударга ёс тогтоох, гагцхүү хууль засагладаг тогтолцоог бүрдүүлэх зорилтыг Монголын төр, засаг дэвшүүлэн тавьж, өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Олон жил бугшиж, тогтолцоо болтлоо бэхэжсэн шударга бусын ийм хана хэрмийг нураах ажил хялбар биш, бэрхшээл саад ч багагүй байгаа. Гэхдээ дөрөв дэх засаглалынхан болох Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага бидэнтэй хамт байж, нэгдэн тэмцэнэ гэдэг итгэл ямагт дүүрэн байдаг.

 

Нийт монголчуудыг сэрээсэн шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнд хүрч, сайн цаг удахгүй ирнэ гэсэн ард түмний минь итгэл найдвар биелэхэд Та бүхний оруулах хувь нэмэр нэн чухал шүү гэдгийг энэ өдөр сануулж хэлэхийг хүсэж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Ардчиллын төлөөх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл: Хуурмаг мэдээллийн эрин дэх сонгууль ба сэтгүүл зүй” гэсэн уриан дор тэмдэглэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Монголын сэтгүүлчид “Хараат бус сэтгүүл зүй”-н асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ бүхэн Монголын төрд ч хамаатай сэдэв юм. Учир нь шударга сонгуульгүйгээр шударга төрийг эмхэлж чадахгүй. Шударга сонгуулийг ард түмний, хэвлэл мэдээллийн, сэтгүүлчдийн хяналт дор л хэрэгжүүлж чадна. Хараат бус сэтгүүл зүй, иргэний эр зориг, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчгүйгээр шударга ёсыг тогтоох зорилт хэрэгжих боломжгүй. Хуурмаг мэдээлэл, зөрчил сөргөлдөөн, хагарал бутралаас Монголоо сэргийлэн хамгаалж, зөвхөн бодит үнэнийг ил тод хэлж мэдээлж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцлөөр нийгмээ тохинуулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй.

Тиймээс Та бид нийтлэг эрх ашгаа нэгтгэж, нэг завин дээр хамт суух ёстой гэж би бодож байна. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид Монгол эх орныхоо гал голомтыг цэвэр тунгалаг байлгахын төлөөх зорилгын хамтран зүтгэгч, итгэлт нөхөд минь байгтун хэмээн энэхүү илгээлтийг сонордуулж байна.

Нийгмээ эрүүлжүүлэх энэ тэмцэл Та бүхнээс ихээхэн тэвчээр хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан шаардана. Тиймээс сэтгүүлчийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээл туурвилыг хөхиүлэн дэмжих, тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг тань шийдвэрлэх, чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг бүрэн төлөвшүүлэх, иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийг хангах чиглэлд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарах болно.

Монгол оронд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, эрүүл нийгмийг цогцлоох эрхэм үйлсэд тань амжилт хүсье.

Эрх тэгш, элбэг хангалуун, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээхийн төлөө хамтран тэмцье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР