РАДИОГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийтэлсэн: Админ 2019-03-29 1:54:00

РАДИОГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО


"Шинэ Долгион FM 107.5", "Талын дуу хоолой" радиогийн уран бүтээлч сонсогчдын хамтарсан уулзалт өнөөдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд "Билигсанаа" ХХК-ийн захирал Л.Баттулга, Өвөрмонголын радио телевизийн “Талын дуу хоолой” радиогийн дарга Баясгалан, “Шинэ Долгион” FM 107.5 радиогийн захирал Ц.Ариунаа, “Өвөрмонголын бизнесийн ерөнхий холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Тунгалаг, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, Сэтгүүл зүйн ухааны доктор Галаарид нар урилгаар оролцсон юм.


Өвөр монголын “Талын дуу хоолой” радио нь БНХАУ-ын радио телевизийн удирдах газрын зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд Өвөр монголоос Монгол Улсын сонсогчдод зориулсан гадаад нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг юм. Уг радио нь 2013 оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус радио нь цаг үеийн мэдээ, мэдээллээс гадна “Солонго”, “Тэнгэрлэг эгишг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга” зэрэг найман тусгай хөтөлбөр бэлтгэн хүргэдэг юм. Одоогоор тус радио нь өдөрт 18 цаг 15 минутын нэвтрүүлэг бэлтгэн дамжуулдаг байна.


Харин “FM 107.5” нь 1998 оны тавдугаар сарын 15-нд анхны нэвтрүүлгээ цацсан түүхтэй. Тус радио үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш “Үл мэдэгхэн ба түүний нөхөд”, “Сүүн цаг” зэрэг телевизийн хоёр контент бэлтгэн хүргэсэн нь олны таашаалыг авсан юм. Түүнчлэн сонсогчдын сонсох дуртай дуу хөгжмийн нэвтрүүлгээс гадна мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон цэнгээнт нэвтрүүлгийг 24 цагийн турш бэлтгэн нэвтрүүлдэг байна.

Үйл ажиллагаа, цар хүрээний хувьд олон жилийн туршлагатай дээрх хоёр радиогийн уран бүтээлчид ийн чуулсан нь туршлага солилцох давуу талыг олгосон юм. Түүнчлэн цаашид нэвтрүүлгийн төрөл жанрыг олшруулах, сонсогчдын эрэлт хүсэлтийг судалгаа хийх зэрэгт хамтарч ажиллахаар болсон юм.

Г.Эрдэнэ