Хүүхдийг ивээх сан, Сүхбаатар дүүргийн ИТХ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн: Админ 2026-05-20 14:32:00

Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ИТХ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямдагва нар 2026 оны 5 дугаар сарын 19-нд гарын үсэг зурлаа.

Уулзалтад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Батдулам, Хүүхдийг Ивээх Сангаас Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга, ажилтнуудад байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, Хүүхдийг Ивээх Сан та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямдагва Сүхбаатар дүүрэг 2026 онд хүүхэд, залуусаа дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийж байгаа талаараа танилцууллаа.

Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулахад хамтран ажиллах, хүүхэд, гэр бүлтэй ажиллаж буй мэргэжилтэн, багш, нийгмийн ажилтан, хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэх сургалт, арга зүйн дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхлийг бууруулах чиглэлээр соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, тэгш хамруулах сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэн зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах юм.

Хүүхдийг Ивээх Сан Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд, хороодын Хамтарсан багт төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байсан юм.