ХАМАРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦОО НҮҮРС ОЛБОРЛОХОО ЗОГСООХГҮЙ ГЭЖЭЭ
ХАМАРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦОО НҮҮРС ОЛБОРЛОХОО ЗОГСООХГҮЙ ГЭЖЭЭ
Дорноговь аймгийн Хамарын хийд энергийн төвөөс долоон км-ийн зайд орших орон нутгийн тусгай хэрэгцээний газарт нүүрс олборлолтын лиценз олгосон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, газрын тусгай зөвшөөрлийг цуцлахыг эрх бүхий байгууллагаас шаардаж буй.
Тэгвэл тус газрын зөвшөөрлийг эзэмшигч “Даблью Эс Жи Эл”, “Олон Ихт Баян” компаниас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас талбайг чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.
Дэлхийн энергийн төв хэмээгддэг Хамарын хийдийн зэргэлдээ уул уурхайн салбар үйл ажиллагаа явуулах нь байгалийн зүй тогтол, энергийн хийдийн цаашид оршин тогтнох эсэхэд сөргөөр нөлөөлнө гэж нутгийн иргэд эсэргүүцсэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тус газрын ашиглалтын лицензийг цуцлуулах талаар холбогдох газруудад хүргүүлж, эрхийг нь цуцлуулна хэмээж байсан. Гэвч тухайн ашиглалтын лиценз эзэмшигч компаниас талбайгаа өгөхгүй гэж мэдэгдсэн тул ийн асуудал үүсчээ.
Тодруулбал, Хамарын хийд энергийн төвийн ойролцоох газар ашигт малтмал олборлох эрхийг анх 2007 онд олгосон байдаг. Харин 2009 онд төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр ашиглалтын лицензийг цуцалсан юм. Ашиглалтын эрхийг нь цуцалсны дараа 2014 онд тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авсан ч 2017 онд шүүхийн шийдвэрээр ашигт малтмал олборлох лицензийн эрхийг сэргээсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, тус газар ашиглалтын зөвшөөрөл олгогдох үед орон нутгийн тусгай хэрэгцээнд аваагүй байсны дээр аймгаас ашигт малтмал олборлож болно гэж дэмжсэний балгаар түүхэн дурсгалт өв болох Хамарын хийд ийн хэвлийгээ ухуулах болсон нь энэ юм.