Умайн хоргүй хавдрын эсрэг эмчилгээг нэвтрүүллээ
Умайн хоргүй хавдрын эсрэг эмчилгээг нэвтрүүллээ
Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг эмчилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай нутагшуулж байгаа аж.
Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг анх 2018 оны 11 дүгээр сард хийж эхэлснээс хойш 3 сарын дараа буюу уржигдар умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийжээ.
Тус амаржих газар БНСУ-ын RF Medical төвтэй хамтран уг эмчилгээний сургалтыг өчигдөр хийхдээ 7 үйлчлүүлэгчдэд амжилттай хийсэн байна. Уг эмчилгээнд НААГ-ын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа,Б.Хишигдаваа,мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа,туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар,БНСУ-ын RF Medical төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцлоо. Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.