Дархан суманд гахайн мялзан өвчин бүртгэгджээ

Нийтэлсэн: Админ 2019-01-22 4:08:23

Дархан-Уул аймгийн Дархан суманд энэ сарын 15-нд гахайн мялзан өвчин бүртгэгджээ


Дархан-Уул аймгийн Дархан суманд энэ сарын 15-нд гахайн мялзан өвчин бүртгэгджээ. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж энэ сарын 16-ны өдөр Дархан сумын II, VII багийн есөн өрхөд гахайн мялзан өвчин бүртгэгдэж хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг тогтоож 14 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал шилжин ажиллаж байна. Харин 17-ны өдөр дахин Дархан сумын VII дугаар багийн иргэн Ц-ийн үхсэн гахайн сэг зэмээс гахайн африкийн мялзан өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учир 49 гахай, 24 сэг зэмийг устгаж, голомтын бүсэд байнгын ажиллагаатай II хяналтын цэгийг байгуулан ажиллуулж байна. Мөн Цагдаагийн газраас хамгаалалтын бүс тогтоож, хяналт шалгалтын чиглэлээр Буурал хангай, Түшиг уул, Хараа голын хяналтын постуудад нийт есөн албан хаагч томилогдон 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хөл хорио тогтоосон хязгаарлалтын бүсэд есөн өрхийн 35 иргэн байгаа бөгөөд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг эмч, сувилагч, жолооч нийлсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг үзүүлж байгаа юм байна. Мөн “Дархан ус суваг” ХК-тай голомтын бүсэд байгаа иргэдийг есөн тн ундны усаар хангажээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гахайн махаар үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа эрхэлдэг 45 аж ахуйн нэгж байгууллага, 41 иргэн нийт 91 объектын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар үйлдвэр үйлчилгээндээ мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бусад бичиг баримтгүйгээр үйлчилгээ эрхэлж байсан нэр бүхий аж ахуй нэгжийн нийт 94.3 кг гахайн махыг холбогдох журмын дагуу устгалд оруулсан байна.