Ж.Мөнхбат: Намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Л.Болд гишүүн бонд босгох асуудлыг Засгийн газраар дэмжээд өгөөч хэмээн гуйсан
Ж.Мөнхбат: Намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Л.Болд гишүүн бонд босгох асуудлыг Засгийн газраар дэмжээд өгөөч хэмээн гуйсан
УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас өөрийн “Богд” банкинд найман сая долларын зээл авсан баримтыг Ж.Мөнхбат гишүүн дэлгэлээ. Тэрбээр “Өнөөдөр би хэвлэлээр зайлшгүй тайлбар хийх шаардлага тулгарч байна. Учир нь өнөөдөр 11 цагаас Л.Болд гишүүн миний нэрийг дурдаж “Богд” банктай холбоотой асуудлаар намайг гүтгэсэн гэлээ. Би энэ талаар тайлбар, няцаалт хийе.
Засгийн газрыг огцруулах асуудал өргөн баригдаж байхад би Л.Болд гишүүнийг хувийн банктай холбоотойгоор хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаж байна гэдгийг чуулганд хэлж байсан. Гэхдээ тэр үед би ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хэлснийг санаж байгаа биз. Мөн гаднаас бонд босгох зүйлийг ярьж байсан. Харин намайг эдгээрийг ярьснаас хойш Н.Амарзаяа гишүүн “Л.Болд гишүүний хувь эзэмшдэг, хувийн гэж нэрлэгдэх “Богд” банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансан дээрээ байршуулж байна” хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, би энэ мэдээллийг яагаад хийсэн бэ гэхээр намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Л.Болд гишүүн хувийн банкандаа бонд босгох асуудлыг Засгийн газраар дэмжээд өгөөч хэмээн гуйж хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн юм. Үүнийг нь би сануулж хэлсэн. Гэхдээ Л.Болд гишүүний хүсэлт биелэгдээгүй. Тиймээс надад буруу, зөрүү юм санаж явдаг байж магадгүй.
Хоёрдугаарт, Би ЖДҮ-ийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийн талаар чуулган дээр ярьж байх үед УИХ-ын гишүүн тэр үед хэлээд байсан мэдээлэл чинь үнэн юм байна лээ шүү гэдгийг хэлсэн. Ингээд өчигдөр орой хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд үндэслэлтэй юм билээ. Найман сая доллар, 9.8 тэрбум төгрөг “Богд” банкны харилцах дансанд байршиж буй нь үнэн баримттай юм билээ гэдгийг хэлсэн. Л.Болд гишүүн үүнийг хэлсний төлөө намайг “Цуст алуурчин, чиний цуст алуурчин гэдгийг чинь нотолно” гэсэн. Яагаад намайг ингэж хэлэх болсон гэхээр Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат хоёр 200 хүн авчирч өнөөдрийн энэ жагсаалыг цуст мөргөлдөөн болгохоор бэлдэж байна. Цэрэг хүчнийхнийг бэлдсэн байна” хэмээн гүтгэсэн, увайгүй мэдээлэл хийсэн. Цэрэг хүчнийхэн Засгийн газар, Жанжин штаб, Ерөнхийлөгчид харьяалагддаг нь ойлгомжтой. Мэдээж жагсаалын цуст мөргөлдөөн алхам, ажил байтугай сэдэл, бодол ч орж ирээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Л.Болд гишүүн хүн гүтгэсэн” гэлээ.
Тэрбээр мөн “Найман сая доллар буюу одоогийн ханшаар 21 орчим тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас 2017 оны долдугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр харилцах дансандаа байршуулсан нь нотлогдож байгаа” гэдгийг хэлээд баримтуудыг дэлгэсэн юм.