Шатахууны хомсдлыг зохицуулах үүрэгтэй сайд Д.Сумъяабазар Давост "зугаалж" явна уу?

Нийтэлсэн: Админ 2018-01-24 3:43:42

Шатахууны хомсдлыг зохицуулах үүрэгтэй сайд Д.Сумъяабазар Давост “зугаалж” явна уу?



Шатахууны үнэ тойрсон бухимдал нийгмийг бүхэлд нь бүчээд байна. Хаа сайгүй л битүү оочер үүссэн клонкууд, гишүүнчлэлийн картгүй бол үйлчлэхгүй гэсэн түгээгчид овоорч байна. Бүтэн нэг сар шахуу үргэлжилж байгаа шатахууны үнийн өсөлт, хомсдлыг зохицуулах үүрэгтэй хүн нь тэгвэл хэн бэ? Засгийн газраас энэ асуудлыг шууд хариуцах үндсэн үүрэгтэй хүн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Гэвч тэрээр ямар нэгэн шийдвэр гаргасангүй бүтэн сар гаруйн хугацаа өнгөрчээ. Цаг хугацаа урссаар байхад сайд таг л байна. Харин түүний төрсөн дүү Асашёорюү Д.Дагвадорж олон нийтийн сүлжээнд “Бензин түлшний бизнесийнхэн ингэж зохиомол хомсдол үүсгэж бгаа бол Роснефтьтэй яриагаа эхэлье ! Шударга өрсөлдөөн юм бол!” гэхчлэн байр сууриа илэрхийлж байх юм.



Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг ийнхүү таг дуугүй байхад төрсөн дүү нь шударга өрсөлдөөн нэхэж байгаа нь зүй ёсны хэрэг байх. Гэхдээ бас зүй бус шаардлага байж болох талаар жив жув яриа олон нийтийн дунд тархсан байна. Юу гэхээр эрхэм сайд Д.Сумъяабазарын ойр тойрныхон нь Эрдэнэтэд шатахуун түгээх клонктой, энэ үеэр бизнесээ тэлэх сонирхолтой байгаа гэх юм билээ. Энэ бол олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл болохоор баталгаатай, нотолгоотой гэж үзэх нь учир дутагдалтай.  Гэхдээ баталгаатай, нотолгоотой байгаа нэг зүйл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийн өсөлт, хомсдлыг зохицуулж чадахгүй байгаа нь үнэн билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр шатахууны үнэ, хомсдлыг зохицуулах үндсэн үүрэгтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Швейцарийн Давос хотод “зугаалж” яваа гэсэн мэдээлэл ч бас байна. Энэ өдрүүдэд Давост дэлхийн эдийн засгийн форум үргэлжилж байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар очсон бололтой юм. 


А.СҮЛД