“Ухаахудаг”-ийн будилааны эзнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодров уу?!

Нийтэлсэн: Админ 2025-02-14 9:10:30

Стратегийн Тавантолгой орд Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх хуультай. Харин хэдэн хүн Тавантолгойн нэг толгойг 17 жилийн өмнө албан ёсоор салгаад авчихжээ. Тэр нь өнөөдөр “Үндэсний баялгийн санд ирэх үү, “Энержи ресурс”-тээ үлдэх үү” гэдэг асуултын голд, анхаарлын төвд буй Ухаахудаг юм. Ухаахудаг лицензэд Тавантолгой ордын коксжих нүүрсний нөөцийн бараг 40 хувь нь багтсан гэдэг. Тэр утгаараа, стратегийн энэ том “толгой” яаж яваад хэдэн хүний мэдэлд очсон нь олон нийтийн хийгээд хууль, хяналтынхны ч чихийг дэлдийлгээд эхэлжээ.

Ер нь бол, Ухаахудагийг ухаж, арвин ашиг олдог “Энержи ресурс”-т очих гол будилааныг хутгаж, бужигнуулсан хүнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодорч байгаа юм байна. Тэрээр УИХ-аас 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг батлаад Засгийн газрын 132 дугаар тогтоолоор АМХЭГ-ыг байгуулахад анхны даргаар нь томилогдож байжээ. 1997-2000 оныг хүртэл ажилласан. Тэдгээрийн нэг нь Тавантолгой орд, тэр дундаа Ухаахудагийн лицензийн хожмын будилааны суурийг тавьсан байгаа юм. Д.Жаргалсайхан өөрөө ч энэ лицензэд хамаатай бөгөөд Туулын эрэг дэх мөнөөх алдарт хотхонд амьдран суудаг. Харин түүнийг “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д багтаадаг эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч түүний олгосон 100 гаруй лиценз өнөөдөр хүчин төгөлдөр байдаг байна. Тухайлбал, АМХЭГ-ын  “Дорнодын ураны ордыг 1997 оны тавдугаар сарын 20-нд “Шинь Шинь” ХХК-д, Бороогийн алтны ордыг 1997 оны зургадугаао сарын 21-нд “Бороо гоулд” ХХК-д, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг 1997 оны наймдугаар сарын 21-нд “Цайртминерал” ХХК-д олгосон байдаг.

Түүнчлэн УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр “хувьчлагдсан” Тавантолгой ордын өрөм гэгдээд байгаа Ухаахудагийг Үндэсний баялгийн санд буцааж авах асуудал сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаад эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Эрдэнэтийн 49 хувийг төрд авна” гээд явсан шигээ “Үндэсний баялгийн санд Ухаахудагийг багтаана” зүтгээд эхэлсэн бололтой. Энэ ажлыг гүйцэтгэх Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулжээ. Ажлын хэсэгт холбогдох яам, мэргэжлийн хийгээд хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтай 7-8 хүнээс бүрдүүлсэн байна. Эндээс харвал, “Ухаахудагийн улс төр” дуусаагүй л бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.БАЯР