“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна
Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна. Энэ мэдээллийг манай улс төр, хууль хяналтын зарим архаг этгээдүүд, нэр бүхий өндөр албан тушаалтнууд илүү тогтож уншвал зохино. Учир юу хэмээвээс “…“Трафигура” гурппын алдсан 1.1 тэрбум долларын 600 саяыг авснаа “Лекс ойл” зөвшөөрсөн. Тиймээс тус групп Монголд шатахууны луйврын хэргээр алга болсон 500 сая ам.долларыг хайж байна” гэж олон улсад мэдээлж эхлээд байгаа юм.
Анх 2024 олны аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд энэ талаарх мэдээлэл цацагдахад “…“Трафигура”-гийн Монгол дахь гол түнш “Лекс ойл” ХХК нь алга болсон 1.1 тэрбум долларын өрийг хүлээн зөвшөөрсөн” гэж байсан юм. Тэгвэл шалгалтын явцад “Лекс ойл” ХХК нь талаас илүүг буюу 600 сая ам.доллартай нь холбоотой болохыг тогтоожээ. “Лекс ойл” ХХК нь “Трафигура Монгол”-ыг хариуцаж байсан Э.Жононбаярын ойрын хамаарал бүхий компани юм. Тиймээс үлдсэн 500 сая ам.доллар нь ямар замаар, хаашаа орчихсон болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
“Трафигура” группын хувьд Монголд болсон луйврын асуудал ихээхэн хүнд цохилт болж буй аж. Тус группын хувьд өнгөрсөн жил АНУ-д никелийн хэргээр олон зуун сая ам.долларын алдагдалд орж, эдгээр өдрүүдэд 2009-2011 онд тухайн үеийн “Трафигура”-гийн удирдлага Анголд авлигын хэрэг үйлдсэнийг Швейцарын прокурор тогтоогоод байгаа юм. Гэхдээ эдгээрээс илүү Монголын асуудалд “ач холбогдол” өгч байгаагаа группын зүгээс мэдэгдсэн. Тодруулбал, “Трафигура” групп Монголд болсон луйврын асуудлыг өөрсдөөсөө холдуулахыг хичээж байна. Ингэхдээ “…Монголд болсон хэрэг манай соёл, ёс суртахуун биш” гэж шууд мэдэгдчихээд байгаа юм.
Учир нь “Трафигура”-гийн сүүлийн хоёр жилийн хугацаанд илрүүлсэн хоёр дахь том хэмжээний луйврын асуудал болох Монголын 1.1 тэрбум ам.долларын хэрэг нь тус группын үйл ажиллагаанд томоохон донсолгоо өгөх төлөвтэй болжээ. Дэлхийн хамгийн том эрчим хүч, түүхий эдийн арилжаачдын нэг болох “Трафигура”-тай хамтран ажилладаг банкныхан, санхүүгийн шинжээчид “…Энэ группын дотоод хяналт эргэлзээ төрүүлж байна” гэж дүгнээд эхэлжээ. “Трафигура”-гийн тухайд Монгол дахь салбарт нь эрсдэл үүссэн тухай мэдэгдэл хийснийхээ дараа уг эрсдэлийг үүрч, 1.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийжээ. Гэхдээ “Трафигура” нь газрын тос, байгалийн хий, металлын худалдаанд ашиглахаар 150 орчим банкнаас 77 тэрбум ам.долларын зээлтэй учраас үүнд ингэтэл эмзэглэж байгаа бололтой.
Харин “Лекс ойл” ХХК нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд томоохон агентлагуудад мэдээлжээ. Харин “Трафигура” энэ талаар таг чиг байгаа бөгөөд одоогоор хэн нэгэн хүнийг нэр зааж буруутгаагүй байна.
Тус групп ийн чимээгүйхэн мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж, Монголоос 500 сая ам.доллараа хайж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд олон улсын хэвлэлүүд “…Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсад бүртгэлтэй “Лекс ойл” ХХК-д хандсан ч хариу өгөхгүй байна” гэсэн мэдээллийг дэлхийд цацаад эхэлжээ.
Бас нэг ноцтой мэдээлэл нь “…Монголын шатахууны бизнес нь импортын янз бүрийн түлшийг хольж, бэлэн мөнгөний хомсдолд орсон орон нутгийн нүүрс, түлшний уурхайнуудад зээлээр өгч мөнгө олдог нь “Трафигура” компанид өндөр ашиг авчирсан” гэсэн байна.
Мөн, “Трафигура”-гийн Монгол дахь салбар компани нь Оросын дизель түлшийг Сингапураас нийлүүлэх керосинтэй хольж, Монголд өвлийн дизель түлш үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн. Монголын нүүрсний салбар бол хүнд машин механизмын үйлдвэрлэлд ашигладаг түлшний хамгийн том хэрэглэгч юм. “Трафигура” болон “Лекс ойл” ХХК хоёр 2019 онд түншлэл байгуулсан. “Трафигура”-гийн Монгол дахь салбар компани орон нутгийн хэрэглэгчдийг хангахын тулд “Лекс ойл” ХХК-д зээл олгосон. “Трафигура Монгол” компанийг Оросын дизель түлшээр “Лекс ойл” ХХК-иас гадна Монголын импортлогч компаниуд хангадаг. Харин “Трафигура Монгол” нь Оросын түлшийг Сингапурын керосинтой хольж, Монголын “Лекс ойл” зэрэг компаниудад буцаан худалддаг.
Хамгийн гол нь “Трафигура Монгол” нь түлшний худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд тэдэнд мөнгө зээлдэг. Ер нь бол “Трафигура” групп нь эрсдэл өндөртэй Монгол мэтийн оронд үйл ажиллагаа явуулахдаа мөрддөг дотоод дүрэм журмаараа хөрөнгө оруулалтыг банкны зээл бус худалдааны санхүүжилт олгох байдлаар шийддэг. 2020 онд COVID-19 цар тахлын улмаас Монголын нүүрсний экспорт үндсэндээ зогссон. Энэ нь тус улсын уул уурхайн үйл ажиллагаа болон түлшний хэрэглээг бууруулсан. Үүнээс болж “Трафигура Монгол” компанийн энэ схем нурсан. Харин “Лекс ойл” ХХК шатахуун импортлох, холих ажлыг үргэлжлүүлж, “Трафигура Монгол”-д өрөө нэмсээр байжээ. Энэ хооронд агуулахаа өргөтгөж, дотоодын импортлогчдод зээл олгосон гэдэг тайлбарыг “Трафигура”-д өгчээ. Гэсэн ч Монголын шатахууны хэрэглээ буурснаар “Лекс ойл” ХХК дизелийн түлшээ 2020-2022 онд борлуулж чадалгүй хадгалсан, Монголын бизнес эрхлэгчид COVID-19 цар тахлын улмаас орлого нь хаагдаж “Лекс ойл” ХХК-д төлөх өрөө өгч чадаагүй гэсэн мэдээллүүд гарч байна.
Өөрөөр хэлбэл, Монголд луйврын улмаас алдсан гээд байгаа 1.1 тэрбум ам.долларын 600 сая орчим нь Э.Жононбаярын хамаарал бүхий “Лекс ойл” ХХК-тай холбоотой гэдгийг “Трафигура” баримт баталгаатай нь тогтоожээ. Харин 500 сая ам.доллар дээр асуудал үүсэж, шалгалтын ажилтнууд нь мөрдөж байгаа аж.
Тиймээс энэхүү 500 сая ам.доллар хаачсан талаар Монголын эх сурвалжууд хоёр янзын, тун эвгүй “онош” тавиад эхэлжээ. “Трафигура” группын албан ёсны мэдэгдэлд “…Луйврын хэмээх үйл ажиллагаа таван жилийн турш үргэлжилсэн. Тус групп уг үйлдлийг 2023 оны сүүлчээр илрүүлсэн” гэдгээ зарласан. Тэгвэл 2018-2023 онд “Трафигура Монгол”-ын Э.Жононбаярын талаар маш олон баримт факт Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн. Тиймээс “… “Трафигура”-гийн 500 сая ам.доллар Э.Жононбаярын тансаглалд зарцуулагдсан уу, эсвэл Монголын улстөрчдөд зориулагдсан уу” гэсэн асуулттайгаар яригдаж эхэллээ. Гэхдээ үүний хариу тун удахгүй “Трафигура” групп олон улсад байр сууриа хамгаалах байдлаар шалгалтын дүнг танилцуулах үед тодорхой болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД