“ТОСК” ТӨХХК-ийн хамт олон мод тарилаа
Жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр“ тохиодог бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 04-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн” эхэлсэн билээ.
Мөн Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэх, “Алсын Хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн санг бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх болон гадаад улсаас Монгол Улсад ирж буй хүн бүр монгол оронд мод тарих санаачилгыг өрнүүлсээр байна.
Ийнхүү “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр“-ийг тохиолдуулан “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-д “ТОСК“ ТӨХХК-ийн хамт олон нэгдэж, өнөөдөр /2024.10.10/ Налайх дүүргийн “Шинэ цэцэрлэгт хүрээлэн”-д 150 ширхэг хайлаас, 50 ширхэг буйлс модыг Цэцэрлэгжүүлэлтийн албаны цэцэрлэгч Г.Ганцэцэгийн зааварчилгаагаар тарьж, суулгав.
Айл өрх, албан байгууллага бүр “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж мод тарьснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх юм. Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал билээ.