Б.МӨНХБАТ: АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДОД ДОЛООН САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН
Б.МӨНХБАТ: АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДОД ДОЛООН САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН
Засгийн газраас өнөөдрийн хуралдаанаар “Асгатын мөнгөний орд”-ыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар АМГТГ болон “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уг ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор болсон. Тиймээс уг ордыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгосон юм. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлж, албан ёсны шийдвэр гаргуулах юм байна. Энэ долоо хоногт багтаан “Асгат”, “Салхит”, “Цагаан эрэг”-ийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг ийн үүрэг болголоо. Ингээд “Монголросцветмет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа.
-“Асгатын мөнгөний орд”-ыг төрийн өмчит компанид шилжүүлэхээр болсон нь хуульд хэр нийцсэн гэж та үзэж байна вэ?
-“Асгатын мөнгөний орд” 100 хувь төрийн өмчид байгаа. Тиймээс хууль ,эрх зүйн хувьд асуудал үүсэхгүй. “Монголросцветмет” ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргасан. Үүнийг нөхөн олговроор олгоно гэсэн.
-Хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт яригдах бол?
-Ххайгуул хийсэн ажлын хөрөнгө яригдана. Түүнээс том хэмжээний хөрөнгө байхгүй.
-Нэг сарын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өглөө. Амжих болов уу?
-“Монголросцветмет” ХХК-ийн зүгээс шалтгаалах ажлыг нэг сарын хугацаанд хангалттай амжуулна. Цаашид “Эрдэнэс МГЛ” компани ажлаа хариуцаад явах болно.
-Танай компани дөрвөн хайгуулын лицензтэй. Үүний нөхөн олговорт хэдэн төгрөг яригдах вэ?
-“Монголросцветмет” ХХК 1993 оноос хойш “Асгатын мөнгөний орд”-ыг хөдөлгөх оролдлогыг гурван удаа хийсэн. Улс төр болон бусад хүчин зүйлээс болж зогссон байдаг. Хамгийн сүүлд 2006 онд Оросын “Полиметалл” компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ч харамсалтай нь зогссон. Өнөөдрийг хүртэл ордуудыг хөдөлгөх оролдлого хийж ирсэн ч өмнө нь үүссэн асуудал болон хувь эзэмшлийн маргааны асуудлаас үүдэн сайн урагшлаагүй. Эдгээрийг бид цэгцлээд дуусч байгаа. Тиймээс “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэхэд асуудал гарахгүй. Нөхөн төлбөрийн хувьд гэвэл бид долоон сая ам.доллар гаргасан. Асгатын орд таамаг, нөөцийн хувилбараар яригддаг орд. Эдгээрийг бодит болгоход хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ ажил нь 10 сая ам.доллар. Асгатын мөнгөний ордод нийт 55-60 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.
Б.Лхам