Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд Монголын төр өнгөрсөн долоо хоногт хүндэтгэл үзүүлэв. Есдүгээр сарын 10-ны өдөр бол яахын аргагүй Монголын түүхэнд хар мөр үлдээсэн. Өнгөрсөн зуунд улсаараа, үндэстнээрээ хэлмэгдлийн гашуун зовлонг үүрсэн байдаг. Энэ утгаар нь төр засгийн зүгээс дурсах гэхээсээ уучлал хүсэх гэдэг утгаар хандах нь зөв болно.
Тэгвэл өнөөдөр, есдүгээр сарын 10-нд том хулгайд холбогдсон улстөрчид голдуу, улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдийгөө хилсээр хэлмэгдсэн болгож өөрчлөхийг оролдов. Тэд “...Хэлмэгдэл дуусаагүй”, “...Бид хэлмэгдсээр байна” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг өөрсдөө болон өөрсдийн төлөөний хүн болгож УИХ-д илгээсэн хүмүүсээрээ дамжуулж олон нийтэд хүргэж үзэв. Гэтэл тэд хэлмэгдлээс болж шарх байтугай шалбархай ч аваагүй л яваа хүмүүс байдаг. Тэгэхээр тэд хэлмэгдүүлэлт ярих нь зөв үү?!
Яг үнэндээ одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн эрх баригчид улс төрийн том өрсөлдөгчөө хэлмэгдүүлж байв. АТГ, ЦЕГ-ыг тэр чигээр нь хөдөлгөж, улс даяар дуулиан шуугиан тарьж баривчилсан. Улмаар “үхрийн бөөр” шиг шалтаг”цуглуулж, шүүхээр шийтгүүлээд, шоронд хорьсон. Яг тэр үйл ажиллагааг зохион байгуулсан зарим улстөрч, үүнийг дурсахаас ч айж явдаг болсон гэдэг юм.
Харин өнөөдрийн тухайд том хулгайд холбогдсон хүмүүсийн өмнө ял шийтгэл хүлээж, эсвэл улс төрийн эрх ашгийг нь хөндсөн жирийн бизнесмэн, тэр байтугай сэтгүүлчид хүртэл ийм хэлмэгдүүлэлтийн золиос болж байна.
Т.Чимгээгийн хохирлыг шийдэх Баянзүрхийн шүүгч туслахын хамт амралтаа аваад "алга" болжээ
“…С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага” гэдэг дүгнэлт анхнаасаа гарсан. Түүнийг алагдсан өдөр нь шахам хуралдсан Засгийн газрын хуралдаан дээр нэг сайд нь тэгж хэлсэн байдаг. Мөн хууль хяналтынхан, гадаад дотоодын шинжээчид ингэж дүгнэдэг. Тэгвэл энэ хэргийг хуурамчаар илрүүлж жинхэнэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг хийсэн.
Тодруулбал, энэ хэрэг шийдэгдэлгүй явсаар эзэд нь “олдож” 2017 онд шүүхээр эцэслэн шийдсэн. Гэвч тэднийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлсэн болох нь хоёрхон жилийн дараа шүүхээр тогтоогдсон. Хүний ёсноос гажууд, олон улсад түгээмэл хэлбэрүүдээс хэт хүндээр эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн болохыг монголчууд бүгдээрээ харсан. Эцэст нь шүүх, хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан.
Тэднийг яаж эрүүдэн шүүж байсан ул баримттай тухайн үеийн хууль хяналтын байгууллагынхан, УИХ-ын гишүүд жирийн иргэдээс илүү танилцсан байдаг. Тэд “…Монголын төр энэ хоёр хүний хохирлыг барагдуулж, амьд явах, амьдрах эрхээр хангах үүрэгтэй” гэдэг.
Ийм шалтгаан, бас хууль эрх зүйн үндэслэлээр тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн юм. Тэд ч хохирлоо нэхэмжилсэн. Тэр үйл явц хэрхэн өрнөж буй талаар сурвалжлав.
Б.Содномдаржаагийн тухайд Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд 2,206,695,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн хүлээн авч, 2024 оны тавдугаар сарын17-нд иргэний хэрэг үүсгэжээ. Улмаар тус шүүхээс “…Монгол Улсын Засгийн газрыг гуравдагч этгээдээр томилох” тухай албан бичгийг холбогдох газарт хүргүүлжээ. Мөн “…Б.Содномдаржаагаас эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсүгэй” гэж шийдсэн байна. Б.Содномдаржаагийн нэхэмжлэлийн явц нь ийм аж.
Харин Т.Чимгээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 28,919, 557,332 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Тус шүүх уг нэхэмжлэлийг 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцээд “…Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй” гэж хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар “Зууны мэдээ” өмнө нь мэдээлсэн.
Харин хоёр дахь удаа 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 48,921,913,824 төгрөг нэхэмжилж дахин хандсан байна. Шүүх тэр нэхэмжлэлийн асуудлаар 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаад мөн татгалзаж шийдвэрлэжээ.
Т.Чимгээ дахиад 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 80,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаан байгаа юм. Харин шүүх үүнд иргэний хэрэг үүсгэжээ. Гэхдээ одоо хүртэл шийдээгүй байна. Энэ талаар Т.Чимгээ, түүний өмгөөлөгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс лавлахад “…Ажиллагаанд байна” гэдэг байна. Саяхнаас “…Шүүгч нь туслахын хамт амарсан” гэдэг хариу хэлдэг байгаа юм. Ер нь ийм байдлаар тус шүүх Т.Чимгээгийн нэхэмжлэлийг “бариад” байх болсон. Тамгын хэлтэс нь албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхдөө хойрго байдаг гэх мэдээлэл байна.
Ерөөсөө, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүгээд, хэлмэгдүүлсэн гэдэг нэгэнт шийдэгдчихсэн. Эрүүдэн шүүсэн хэргээр тусгай албаны ажилтнууд ял шийтгүүлсэн. Харин уг хэргийн материалыг шүүхэд “бэлдэж” өгсөн прокурорууд бурууталгүй л яваад байгаа шүү.
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны долдугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүж ял оноов. Тус шүүхээс мэдээлснээр “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар шүүхээс “…Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн тайлбарыг зүүжээ.
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэсэн хоёр үйлдэл, зүйлчлэл дээр хэвлэл мэдээллийн салбарынхан, цаашлаад олон нийт, төр ч анхаарах учиртай.
Ер нь сэтгүүлч гэж хэн бэ. Ийм асуулт зүй ёсоор тавигдана. Н.Өнөрцэцэгийг буруутгасан мөрдөх байгууллага, түүнд хяналт тавьж ажилласан прокурорууд, ял шийтгэсэн шүүх “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан”, “…Мэдээллийг олон нийтэд тараасан” гэдгийг чухам юу гэж ойлгодог вэ. Хариулт нь, энэ бол сэтгүүлчийн хийдэг ажил юм. Чухамдаа сэтгүүлч, сурвалжлагч, тэр дундаа эр сурвалжлагч бол олон нийтийн мэдэх боломжгүй мэдээллийг олж мэдээлэх, хүргэх үүрэгтэй ажилладаг. Тэр хэрээр тухайн сэтгүүлчийн чансаа харагддаг. Ялангуяа “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэдгийн тухайд төрийн нууцаар халхавчлаад тэрбум тэрбум, их наядаар нь хүртэл хулгай хийчихсэн баримтууд захаар нэг хөглөрч байгаа ийм үед тэр мэдээллийг олж авсан сэтгүүлчийг “…Мэргэжлийн үүргээ маш сайн гүйцэтгэсэн” гэж дүгнэхээс өөр аргагүй. Дээрээс нь төрийн нууцыг харж хямгаддаг субьект нь сэтгүүлч сурвалжлагч нар биш юм. Харин түүнийг хамгаалах үүрэг нь хуулиар өөр субьектүүдэд оногдсон.
Тэр утгаараа, Монголын шүүх сэтгүүлчийг ингэж “…Төрийн нууцыг хадгалсан”, “…Мэдээлэл тараасан” гэж буруутган яллаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдсан хэрэг бөгөөд Эрүүгийн хууль дахь эдгээр зүйлчлэлийн буруутныг олж тогтоож чадаагүй гэсэн үг.
Тиймээс энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэгийг дарж авах, амыг нь хаах гэсэн, түүнд зориулсан үйлдэл болж таараад байна. Тэр хэний замд хөндөлсөж, хэний эрх ашгийг хөндсөн бэ. Баталгаатай хэлэхэд, “…Энэ бүхэн хэлмэгдүүлэлт байсан” гэдэг нь хожмоо, тун удахгүй ч ил болж мэднэ.
Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!
“Ногоон автобус”-ны хэрэг гэж бас нэг том хэрэг бий. Зөвхөн ногоон автобус ч биш, улаан, өөр ямар ямар ч билээ дээ, олон жилийн туршид хийсэн “нийтийн тээврийн шинэчлэл”-ийн ард ийм автобусны хэрэг явдаг.
Энэ хэргийн талаарх нийтийн сонсголыг өнгөрсөн хавар өмнөх УИХ-ын үед хийсэн. Олон нийт ерөнхийдөө энэ хулгайн талаар багцаа мэдээлэлтэй болсон. Гэвч шүүх дээр бас л энэ хулгайн сэдэл шийдвэрийг гаргасан улстөрчгүй, албан тушаалтангүй болчихсон явж байна. Одоо энэ хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохоод өнгөрөх гэж байх шиг байна. Уг нь анх энэ асуудал сөхөгдөхөд А.Ганхуягийн талаар өөр зүйл албан бусаар яригдаж байсан. Тэрбээр нэр бүхий улстөрчдөд “…Би удаан хоригдохгүй шүү. 100 хоноод үгээ хэлж эхэлнэ шүү гэсэн” гэж яригдсан. Гэвч А.Ганхуяг 2024 оны нэгдүгээр сарын 31-нд хоригдож байгаа газраасаа ил захидал бичсэн байдаг. Түүндээ “…Намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны аравдугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид дөрвөн сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. …2022 оны есдүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д.Амарбаясгалан сайд Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалтыг хараад сайшаан магтаж, төр, хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан.
Нийслэл хотод 2009 онд Солонгосын Дэү шинэ автобуснууд орж ирсэнээс хойш парк шинэчлэл хийгдээгүй 14 жил болсон ба хамгийн урт удаан хугацаанд үйлчилгээнд явсан Дэү автобусуудыг дахин сонгож худалдан авахаар шийдвэрлэсэн нь Солонгосын Дэү автобусны чанарт итгэснийх биз. Гэтэл үйлдвэрлэгч буюу Солонгосын Дэү компани нь захиалагчийг, Монгол Улсыг, ард түмнийг гутаан доромжилж шаардлага хангахгуй автобусуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаараа хохирч байгаад маш их харамсаж байна.
Түүнчлэн энэ ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтан албан хаагч, улс төрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын Дэү компанид үнэхээр гомдолтой байна. Энэхүү хэргийг ногоон автобус цавчаа ногоон" гэх нэрэн дор хэт улс төржүүлсэн сэдэв болгон миний компани, ажилчдын хийж бүтээснийг үгүйсгэн харлуулж байгааг харахад хүнд байна. Гэтэл би ямар ч улс төрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй.
Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг. Сайдын зүгээс улс эх орондоо хэрэгтэй түүхэнд үлдэх онцгой ажил хийж байгаа учраас ажлынхаа ач холбогдлыг ойлгож, хариуцлагатай цаг хугацаандаа ажиллахыг сануулж анхааруулж байсан.
Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад “…Ингээд хэлчих ээ, тэгвэл таныг гаргая л даа” гэж тулгаж шаардаад байсан нь эрүү шүүлт гэx үү, дарамт cүрдүүлэг гэx үү үнэхээр хүнд байсан” гэж бичиж байв.
Улмаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр энэ оны долоо, наймдугаар сард тус бүр товлоод тодорхой шалтгаанаар хойшлуулаад байна. Тодруулбал, хамгийн сүүлд 2024 оны наймдугаар сарын 12-нд хэлэлцээд хойшлуулсан. Түүгээр дараагийн шүүх хурлыг 2024 оны аравдугаар сарын 21-нд товлоод байна. Хамгийн гол нь өдгөө энэ хэрэг нь “…А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох” гэчихсэн явж байгаа юм. Гэтэл, А.Ганхуяг бол бизнесмэн. Харин түүнийг буруутгаж буй үйлдэл нь төрийн оролцоотой худалдан авалт байдаг. Төр худалдан авалтыг зохион байгуулсан. Цаашлаад албан тушаалтнуудын тушаал шийдвэр, оролцоогүйгээр энэ үйл ажиллагаа болоогүй гэсэн үг. Гэвч хэдэн сар шуугиад хэрэг явдал намжингуут хамаг бурууг бизнесмэн дээр тохоод төр өөрөө, тэдгээр шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд буруугүй болж үлдээд байгаа нь бас л нэг улс төрийн хэлмэгдүүлэлт болох гээд байна.
Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!
Уг нь, нүүрсний хулгайн талаар энд давтан ярих нь илүүц байгаа юм. Гэхдээ ярихгүй бол таг мартагдчих шиг боллоо. Нүүрсний хулгай байсан уу, байсан. Нүүрсний хулгайгаас болж улс яаж хохирч байсан нь энэ хулгайг нийтээрээ мэдэж аваад дахин хулгайлах боломжийг хааснаар улсын орлого ашиг хэрхэн өсөж, сан хөмрөг хэдээр өссөн билээ дээ. Энэ утгаараа нүүрсний хулгай бол том хулгайнуудын дээгүүрт орно.
Гэвч өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайн хэргээр шүүхээр шийтгэл хариуцлага авсан хэн ч алга. Тухайн үед, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарласан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох “…Нүүрсний хулгайтай холбоотой нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 обьектод нэгжлэг явуулсан. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг , “Эрхэт Монгол”-ын ерөнхий захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа зэрэг хүмүүс байна” гэж байв. Мөн тэр үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “…Эдгээр нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй. АТГ 50 мөрдөгчтэй. Улс орныг хамарсан том хэрэгт манай мөрдөгчид ажиллаж байгаа. Олон нийт маань хүн хүчийг тооцоолж, дэмжлэг үзүүлээрэй гэж хүсэж байна” гэдгийг онцолж байлаа. Мөн ч сүртэй мөрдлөг, шалгалтыг эхлүүлсэн.
Гэтэл түүнээс хойшх хоёр жилийн хугацаанд шүүхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, сайд асан Т.Аюурсайхан нарыг л оруулж шийтгэсэн.
Дээр дурдагдсан хүмүүсийн зарим нь шалгагдсан хэвээр, нэлээд нь шалгуулах байтугай дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон тууж явна.
Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө 2024 оны есдүгээр сарын 12-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, сайд асан Т.Аюурсайхан нарын асуудлыг шийдсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийн талаарх мэдээлэлдээ нэгэн хачирхалтай тайлбар өгүүлсэн байна. Түүндээ “…Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэв. Үнэхээр л шүүхийн “…Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Харин Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, ялыг хоёр жил зургаан сар хорих, Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар хорих, Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн. Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэсэн шийдвэрт нүүрсний хулгайтай холбоотой асуудал алга. Тиймээс “…Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар туг тахив уу” гэж яригдаад эхэллээ. Хэрэв шүүхийн ингэж тэмдэглэсэн нь үнэн бол Б.Ганхуяг улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгч болж таараад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР