Оюуны өмчийн газраас "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ"-т сургалт зохион байгууллаа
Тус газраас "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ"-т ажиллаж, инженер, техникийн ажилтан болон холбогдох мэргэжилтнүүдэд оюуны өмчийн 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг “Аж үйлдвэрийн өмч, түүнийг зах зээлийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин”, " Патентын тухай хуулийн шинэчилсэн өөрчлөлтүүд, зохион бүтээгч болон патент эзэмшигчид олгож буй боломжууд", "Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Технологи ба Инновацыг дэмжих төвийн /ТИСК/ хөтөлбөр, Монгол Улс дахь ТИСК хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны цаашдын чиг хандлага”, "Патентын мэдээллийн төрөлжсөн сан, зохион бүтээлтэд ашиглах арга зүй” сэдвээр оюуны өмчийн тусгайлсан мэдлэг олгох сургалтыг хийж, патентын мэдээлэлд хайлт хийлгэн дадлагажууллаа. Ингэснээр "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ"-т оюуны өмчийн тусгайлсан мэдлэгтэй мэргэжилтнүүд бэлтгэгдэж, олж авсан мэдлэг чадвар дээрээ тулгуурлан үйлдвэртээ цаашилбал улс орны хөгжилд түлхэц болохуйц шинэ бүтээл сэдэх, түүнийгээ эрх зүйн хувьд хамгаалуулан ашиг хүртэх боломж бүрдэнэ.
Үүний зэрэгцээ Технологи инновацыг дэмжих төвүүдийн сүлжээнд нэгдэх асуудлаар урьдчилсан нөхцөлүүдийг хангахад шаардлагатай мэдээлэл, эрх зүйн актуудыг боловсруулахад зөвлөгөө өгөв.
"Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ" нь 2015 оноос Оюуны өмчийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулан хэрэгжүүлж ажилласнаар тус үйлдвэрийн санхүүжилтээр бүтээгдсэн нийт 20 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэж, экспортыг орлох бүтээгдэхүүн, технологи эзэмшин үйлдвэрийн ашгийг нэмэгдүүлж энэ хэрээр ажиллагсдын нийгмийн хангамж баталгаа сайжран, улмаар улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэн чадавхжуулахад хувь нэмэр оруулж байна.