“Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалт болж байна
Монгол Улсын Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамтай хамтарсан “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз танхимд эхэллээ.
Тус сургалтад АНУ-ын Нью Йорк хотын Зүүн Дүүргийн Шүүхийн Шүүгч Пегги Күо, тус улсын Патент, Барааны Тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын албаны Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн Өмгөөлөгч-Хуульч Марк Абумери, Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны Бээжин дэх Бүсийн Туслах Атташе Стив Тимминс, Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны Гуангжоу дэх Бүсийн Туслах Атташе Адам Жефферсон, Дотоод аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны оюуны өмчийн цахим зөрчил хариуцсан тусгай агент Томас Софиа нар тодорхой тохиолдолд үндэслэн хичээл зааж, танилцуулга хийх ба Оюуны өмчийн газар болон Гаалийн ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурор А.Өсөхбаяр нар оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө.
Энэхүү уламжлалт сургалт, хэлэлцүүлгийг Дэлхийн оюуны өмчийн өдөр болон Монгол Улсын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулж байхаар болсон бөгөөд энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгээс эхлэн Гаалийн байгууллагыг оролцуулан хамтарсан байдлаар сургалтыг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.