Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ
АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа бараг л “дампуурлаа зарлаж” байна. Тус намаас жагсаалтаар болон тойрогт нэр дэвших хүмүүсийн нэр СЕХ-нд хүргэгдээд 24 цаг ч бололгүй бужигнаад эхэллээ. АН-ын олон гишүүн дуу дуугаа авалцан эсэргүүцлийн мэдэгдэл хийж байна. Жагсаалтад бичигдсэн гишүүд нь “Нэрээ татлаа” хэмээж, тойрогт дэвшсэнүүд нь ч “Нэр дэвших хүсэлтээсээ татгалзлаа” гэцгээв. Ерөнхийдөө энэ намын нэр дэвшүүлэх ажиллагааны үр дүнтэй холбоотой эмх замбараагүй байдал үүслээ. Хамгийн гол нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа АН-ын гишүүд “Намын удирдлагууд, ах нар жагсаалтад орох, тойрогт нэр дэвшүүлэх нэрсийг урьдчилсан байдлаар гаргасан.
Тэр хүртэл бүгд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж зүтгэсэн. Гэвч эцсийн мөчид бүх зүйл орвонгоороо өөрчлөгдлөө” гэцгээж байна. Тухайлбал, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Мөнхболор “Харамсалтай. Өчигдрийн шокноосоо гарч чадахгүй л байна. Ийнхүү 4 дэх удаагаа мөргүүллээ. 2012, 2016, 2020, 2024. Миний хувьд энэ жил тойрогт биш, жагсаалт руу саналаа өгөөд эцсийн мөчид булаалгав.
Ах нарыг хүндэлж биш зайлуулж байж бидний үе, шинэ залуучууд гарч ирэх юм байна гэдгийг яс махандаа шингээж ойлгов” хэмээн цахим хуудастаа бичжээ. Уг нь тэрээр намын жагсаалтын 9 дээр бичигдээд байжээ. Гэтэл түүний оронд С.Баярцогт ороод иржээ. Гэхдээ С.Баярцогт ингэж Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшсэн байна.
Б.Баяр